Э.Батшугар: Монголын эмч нар 15 төрлийн нээлттэй зүрхний мэс заслыг эх орондоо хийж байна

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн төслүүдийн 25 жилийн ойн баярын хурал боллоо.
Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож, Монгол, Люксембургийн эрүүл мэндийн салбарын 25 жилийн хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилтыг онцоллоо.
Тэрбээр "Монгол, Люксембургийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж ирсэн хоёр орны Засгийн газар, Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага, түнш эмнэлгүүд, төслийн баг, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье" гэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн үгэндээ: “Эдгээр тоо, тоног төхөөрөмжийн цаана хамгийн үнэ цэнтэй нэг зүйл бий. Тэр нь монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үлдсэн мэдлэг, ур чадвар юм” хэмээн онцоллоо.
Тухайлбал, 2008 оноос хойш нээлттэй зүрхний мэс заслын тоо 13 дахин өсөж, өнөөдөр Монголын эмч нар 15 төрлийн нээлттэй зүрхний мэс заслыг эх орондоо бие даан хийж, жилд дунджаар 500-550 орчим мэс засал хийж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОДИТ ҮР ДҮН
Энэ хугацаанд зүрх судас, эх, нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ технологи нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр олон төсөл хэрэгжсэн байна.
Үүний үр дүнд 10,000 хүн амд ногдох зүрх судасны шалтгаант нас баралт 24.4-өөс 16.7 болж буурч, зүрх судасны өвчнөөр оношлогдсон иргэдийн дундах нас баралт дөрөв дахин буурсан байна.
Мөн хүүхдийн хэрэх өвчнөөс сэргийлэх, стрептококкийн халдварыг эрт илрүүлж эмчлэх ажилд 800 мянга гаруй хүүхэд хамрагджээ.
АЛСЫН ЗАЙН АНАХ УХААНЫГ НЭВТРҮҮЛЭВ
2001 оноос алсын зайн анагаах ухааныг нэвтрүүлснээр орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах боломж нэмэгдэж, шаардлагагүй шилжүүлгийн хувь 80.3-аас 38.1 болж буурсан байна.
Түүнчлэн 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэгт 8.7 сая гаруй еврогийн үнэ бүхий 60 гаруй төрлийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сурган бэлтгэсэн байна.
















