Сарын ₮25,7 саяын цалинтай “Диспетчерийн үндэсний төв“-ийн захирал Ч.Амарсанаа ХОМ-ээ ХУДАЛ МЭДҮҮЛСЭН үү

Өчигдөр АН-ын "4/11" мэдээллийн цагийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир тэргүүтэй гишүүд зарим төрийн өмчит компанийн удирдлагуудын цалингийн мэдээлэл болон санхүүгийн зөрчлийн талаар танилцуулсан.
Тухайлбал, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК Б.Даваадалай сарын 64 сая төгрөг, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК Ч.Амарсанаагийн сарын цалин 25.7 сая, “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨХХК Ч.Ням-Оюун 38.3 сая сарын цалинтай гэдгээ ил болгосон.
Алдагдалтай гээд байгаа эрчим хүчний салбар дахь “Диспетчерийн үндэсний төв”-ийн захирал сарын ₮25 саяын цалинтай. Энэ мэтээр үр дүнтэй ажилласан эсэхээс үл хамааран төрийн өмчит компаниудын захирлууд маш өндөр цалин авдаг гэж буй.
Тэгвэл Диспетчерийн үндэсний төвийн захирал Ч.Амарсанаагийн 2025 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр, сарын 25 сая төгрөгийн цалин авдаг ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 65 сая төгрөг буюу сарын 5,4 сая төгрөгийн цалинтай гэж ХУДАЛ МЭДҮҮЛСЭН байж болзошгүй байгаа юм.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮65 сая
Гэр бүлийн орлого: ₮40 сая
Орон сууц барилга байгууламж: ₮196 сая /Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮169 сая /Chevrolet Avalange-pick up -1, Renault Daster - 1 /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮38 сая /Эзэмших-500м2-1, Эзэмших-623м2-1, Эзэмших-636м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮33 сая
Хадгаламж: ₮4,7 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮35 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурхада, Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2.14.3 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд тавигдаж, иргэдийн мэдээлэл авах боломжийг хангах хуулийн зохицуулалттай.



