COP17-ын -ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Youth Forum”-ын нээлтийн арга хэмжээ боллоо.
Арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан үг хэлэв.
Тэрээр Монгол Улсын нийт хүн амын 28.6 хувийг 15–34 насны залуучууд эзэлж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, газрын доройтол зэрэг сорилтыг шийдвэрлэхэд залуучуудын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, технологийн ур чадвар, оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ.
2H6A6428.jpg
COP17 болон Олон улсын бэлчээр, малчдын жилийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучууд, малчид, судлаачид, шинийг санаачлагчдыг холбосон хэд хэдэн арга хэмжээг түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлээд байна.
Тухайлбал, “Залуу малчдын хөтөлбөр”-ийн хүрээнд говийн бүсийн залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд мал аж ахуйгаа тогтвортой эрхлэхэд шаардлагатай мэдлэг, шинэ технологи, арга хэрэгслүүдтэй танилцаж, өөрсдийн туршлага болон орон нутагт тулгамдаж буй асуудлаа хуваалцлаа.
Мөн Монгол, Япон, Энэтхэгийн залуучуудыг хамруулсан инновацын хөтөлбөрөөр байгаль орчин, хөдөө аж ахуй, орон нутгийн асуудалд технологид суурилсан шийдэл боловсруулж, туршилтын загварууд бий болгосон юм.

Үүний зэрэгцээ COP17-ыг угтан хэрэгжүүлсэн “Silk Road Caravan” олон улсын санаачилга долоон улсыг дамжин Монгол Улсад төгсгөлөө хийлээ. Төслийн хүрээнд олон орны малчид, залуучууд, судлаачид, уран бүтээлчид Монголын говь, хангай, тал хээрийн нутгаар аялж, газар, бэлчээр, ус, малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэгтэй газар дээр нь танилцан, туршлага, санал, шийдлээ хуваалцсан юм.
Эдгээр үйл ажиллагааны хүрээнд бий болсон мэдлэг, туршлага, хамтын ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, технологийн компани, хөгжлийн түншүүдтэй хамтран “Бэлчээрийн тогтвортой байдалд залуучуудын оролцоог дэмжих санаачилга” (Youth Rangelands & Resilience Initiative – YRRI)-ыг эхлүүлж байна.
YRRI нь залуу малчид, хөдөө орон нутгийн залуучууд, судлаачид, оюутнууд, инженерүүд, стартапуудыг нэгтгэн газар, бэлчээрийн асуудлаар мэдлэг, туршлага солилцох, шинэ санаа, шийдэл хамтран боловсруулах, бодит нөхцөлд турших боломж бүрдүүлэх зорилготой.
Санаачилгыг дараах дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
Залуу малчид, орон нутгийн залуучуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлэх;
Залуучуудын шинэ санаа, инновацыг дэмжиж, бодит нөхцөлд туршин, үр дүнтэй шийдлүүдийг санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбох;
Булган аймаг дахь ШУА-ийн Бэлчээрийн нөхөн сэргээлтийн судалгааны төвийг түшиглэн малчдын туршлага, шинжлэх ухаан, шинэ технологийг хослуулсан шийдлүүдийг турших;
Монголын залуучуудыг бусад орны залуу малчид, судлаачид, шинийг санаачлагчидтай холбож, хамтарсан сургалт, судалгаа, туршлага солилцоог өргөжүүлэх.
Монгол Улсад эхэлж буй энэхүү санаачилгын үр дүнтэй шийдэл, сайн туршлагыг цаашид бусад улс оронтой хуваалцаж, олон улсын хамтын ажиллагааг үе шаттай өргөжүүлэхээр зорьж байна.













