Н.УЧРАЛ: Өнөөдрөөс бензин нийлүүлэхийг хүсэж байгаа хэнд ч нээлттэй

Шатахуун, түлшний асуудал бол айл өрх бүрийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг тулгамдсан асуудал юм. Нэг ёсондоо шатахууны үнэ бол бүх бараа, бүтээгдэхүүний үнийн суурь болдог. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар үнийн өсөлтөөс сэргийлэх, дэлхий дахины тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулах зорилгоор шатахуун, түлш болон газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Засгийн газар олон жил үргэлжилсэн дуусдаггүй яриа, гацааг зогсоон, бодит бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй үргэлжлүүлж байгааг Н.Учрал сайд онцоллоо.
Эрчимжүүлж буй гол бүтээн байгуулалтууд болон шийдвэрүүд:
- Нөөцийн агуулахууд (33 жилийн дараах томоохон алхам): Сүүлийн 33 жилд анх удаа 22 ширхэг шатахууны нөөцийн сав, агуулах барих томоохон ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар:
- 6 агуулахын бүтээн байгуулалт 85%-ийн гүйцэтгэлтэй,
- Бусад 16 агуулахын ажил 40% хүртэлх хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Газрын тосны боловсруулах үйлдвэр: Хоёр жил гаруй хугацаанд гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас бүрэн гаргалаа. Өмнө нь 20%-ийн гүйцэтгэлтэй байсан бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 60%-д хүрч хурдассан байна.
Эрэл хайгуул, нийлүүлэлт (30 жилийн гацааг тайлав): Сүүлийн 30 жил зогсонги байсан газрын тос нийлүүлэх болон эрэл хайгуулын ажлыг албан ёсоор эхлүүлж, нийт 14 байршилд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байна.
"Дэлхий даяар үүссэн тодорхойгүй нөхцөл байдал, олон сорилт бэрхшээлийг ойлгон хүлээж авч, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа нийт иргэддээ талархал илэрхийлье. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна" хэмээн Н.Учрал сайд хэллээ.
