ШУУРХАЙ: Удаа дараа хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэх Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Г.Хонгорыг ЧӨЛӨӨЛЖЭЭ

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг удаа дараа зөрчсөн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Г.Хонгорыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын тушаалаар Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Тодруулбал, Г.Хонгор нь удаа дараа хууль зөрчсөн бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг аудитын дүгнэлт гарсан бололтой.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Эргэн сануулахад, Өмнө нь Г.Хонгор, Б.Дэмбэрэл нарын "Хонгор андтайгаа" гэж оруулсан зураг нь олны шүүмжлэл дагуулж байсан удаатай. Тэдний зүгээс "Тухайн үед бид хоёрын таньдаг ах, эхнэр хоёрынх нь тэмдэглэлт ойн өдөр болоод бид уригдаж очсон юм. Тэгээд зургаа авахуулаад пост хийсэн.Гэтэл бид хоёрыг бэлгийн өөр чиг хандлагатай гэх мэдээлэл явж байх шиг байна. Бид хоёр хоёулаа эхнэртэй, дөрөв, дөрвөн хүүхэдтэй" хэмээн тайлбар өгч байсан билээ.

