Хугацаа, төсөв хэтрэлтгүй цаг тухайд нь ашиглалтад оруулсан “Усны компакт“ төсөл

2026 оны 5 сарын 15

Arslan.mn 

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ БҮХИЙ “УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР” ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖ УЛААНБААТАР ХОТЫН УНДНЫ УС ХАНГАМЖ НЭМЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын Компакт гэрээгээр АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам. долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам. долларын санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн томоохон бүтээн байгуулалтын хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчмын усны ордыг түшиглэн Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулан, дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган, АНУ-ын Мянганы сорилтын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Дэн Петри, Сангийн дэд сайд Б.Хулан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг үйлдвэрийн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.

Усны Компакт нь дэлхийн дэвшилтэт олон технологи, дэд бүтцийг Монголд анх удаа байгуулж, нутагшуулахын зэрэгцээ салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, институцийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, урт хугацааны тогтвортой байдлыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг хамарсан цогц хөтөлбөр, мега төсөл бөгөөд манай улсын усны салбарт сүүлийн 30 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол-Америкийн стратегийн түншлэлийн бодит бэлгэ тэмдэг болж байна.

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг 2016 оны түвшнээс 80 хүртэл хувиар нэмэгдүүлж, ирэх 30 жилийн хугацаанд нийслэлийн 2.4 сая иргэн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангагдах, ойрын ирээдүйд учрах байсан усны хомсдолоос урьдчилан сэргийлж, Улаанбаатар хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, суурьшлын бүс байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.

Мөн хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж 2026 оны 03 дугаар сард ашиглалтад оруулснаар Монгол Улсад анх удаа хаягдал усыг дахин боловсруулж, эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах туршлагыг нэвтрүүлж ирээдүй хойч үедээ жилд 18 сая шоо метр гүний цэнгэг усыг хэмнэн үлдээх боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилгоор усны салбарын хууль, эрх зүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, ус хангамжийн үйлчилгээний өртөг, тарифын бодлогыг боловсронгуй болгох, хаягдал усны бохирдлыг хянах, бууруулахад дэмжлэг үзүүлэх, ус хангамж, ариутгах татуургын байгууллагуудын институтийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, иргэд 24 цагаар ус авах нөхцөлийг бий болголоо.

Хөтөлбөрийн бүтээн байгуулалтын шатанд нийт 8,270 ажлын байр бий болгосны 92% нь монгол ажилчид байсны зэрэгцээ шинээр байгуулагдсан үйлдвэрүүдэд нийт 73 ажлын байр шинээр бий боллоо.

Компакт гэрээний санхүүжилтээр бий болсон дэд бүтцийн үйл ажиллагааг хариуцах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч, ус хангамжийн байгууллагуудын нийт 187 инженер, техникийн ажилтныг сургаж мэргэшүүллээ.

Компакт нь төлөвлөсөн хугацаандаа, батлагдсан төсөвтөө багтан амжилттай хэрэгжсэн нь АНУ болон Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Мянганы сорилтын сангийн үр дүнтэй хамтын ажиллагааны үр дүн бөгөөд олон улсын болон үндэсний бүтээн байгуулагч, гүйцэтгэгчид амжилттай хамтран ажилласан явдал юм.

Нээлтийн арга хэмжээнд хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний зочид, нийслэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сан, бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668914
0 эможи

keyboard_arrow_up