Ерөнхий сайд богино хугацаанд махны үнэ тогтворжуулах үүрэг өглөө

2026 оны 5 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.05.15/ өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж,  махны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар ярилцлаа.

Инфляц энэ оны дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрэхэд махны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Засгийн газар, ОХУ-тай хэлцэл хийсний үр дүнд түлш, шатахууны үнэ өсөөгүй. Гэтэл махны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 гаруй хувиар нэмэгджээ.

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хангах үүрэгтэй.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан махны нөөц бүрдүүлдэг. 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийслэлд есөн аж ахуйн нэгж 5,017 тн мах нөөцөлсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан байна. Тухайлбал, 2021 онд л гэхэд нийслэлд 10 гаруй мянга тн мах нөөцөлж байжээ.

“Энэ өвөл хүн амын тоонд жишсэн тооцооллын дагуу боломжит хэмжээнд мах бэлтгэн нөөцлөөгүй” гэдгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.

Махны үнэ 2025 оны арван хоёрдугаар сараас огцом савлаж эхэлсэн. Мах нөөцлөх гэрээтэй есөн аж ахуйн нэгж нөөцөө 2025 оны арван хоёрдугаар сард бүрдүүлсэн. Ингэхдээ “Хүчит шонхор” захаас нөөцөө бүрдүүлсэн тохиолдол гарч байсныг Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн хөндлөө.

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал. Иргэддээ үнийн өсөлтийг үүрүүлэхгүйн тулд нөөцийн мах бэлдэж худалдаалдаг. Гэтэл гэрээт аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэхдээ хугацаа алдсан. Мөн захаас мах худалдаж авсан асуудлыг нягтлах, мөн нэг удаагийн баримтаар өндөр дүнгээр борлуулалт хийж байгааг и-баримтаар нь шалгахыг  Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

Мөн богино хугацаанд үнэ тогтворжуулах боломжийг судалж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам болон ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668911
1 эможи

Зочин
2026-05-15 20:50
Өнөөгийн махны үнэ тэнгэрт хадсан нь ерөөсөө л төр засгийн буруу бодлогын үр дүн. Гадны хөрөнгө оруулалттай (хятад эзэнтэй), хөрөнгө эрх мэдэлтэй, лоббидож өөрсдөдөө ашигтай хууль батлуулах чадвартай цөөнхийн эрх ашигт нийцсэн хууль баталж (авилга, хээл хахуулиар), махаа хэт их хэмжээгээр хяналтгүй экспортолсны шууд үр дүн Монголын ард түмний нуруун дээр бууж байна. Аймаг болгонд хятад эзэнтэй махны үйлдвэрүүд барьж малчдын хотноос нь махыг нь хямд үнээр худалдан авч боловсруулан гадагш нь экспортолдог болсноор дотоодод хомсдол үүсч махны үнэ тэнгэрт тулсан. Энэ бол цэвэр төр засгийн буруутай үйл ажиллагаа, бодлогын алдааны шууд үр дүн юм. Махны экспорт бол махны үйлдвэртэй, махаар бизнес хийдэг цөөнхөд л ашигтай болохоос, монгол улсын хувьд дотооддоо хомсдол үүсгэж үнэ хөөрөгдөхөөс өөр ямарч ашиггүй наймаа шүү. Монголийн төр засаг хэзээ цөөнхийн эрх ашигт биш, МУ болон Монголын нийт ард түмний эрх ашигт үйлчилдэг болох вэ? Яг үнэндээ Монгол хүн махаа авч идэж чадахаа байсан. Хятадууд химийн хольцтой хамгийн хямд тэжээлээр богино хугацаанд үржүүлж, бордож томруулсан тахиаг монголчуудад шахаж оронд нь Монголын эко махыг хамгийн хямдаар импортлон авч ард түмнээ хангадаг болчихоод байгааг ойлгож байгаа хүн ч алга, МУ-н болон Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах төрийн бодлого, түшмэд ч алга. Мэдээж гадаадад бараа бүтээгдэхүүнээ экспортлохыг үгүйсгэхгүй. Гэхдээ дотоодын эрэлт хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаж байж тодорхой хувийг экспортлох бодлого зохицуулалт байх ёстой.
keyboard_arrow_up