УБЕГ-ын харьяа “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨК-ий авсан чанаргүй бэлдцээс үүдэн ₮78 саяын өртөгтэй 1302 ширхэг гадаад паспорт үйлдвэрийн гологдол болжээ

"Мигасон" ХХК УБЕГ хамтран байгуулсан буюу тус газрын харьяа “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компанийн асуудал үе үе гардаг ч арга хэмжээ авагддаггүй өнөөдрийг хүрч буй.
Тухайлбал, Үндэсний аудитын газраас санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар "Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨК зөрчлийг арилгуулахаар УБЕГ-ын дарга Д.Даваанямд шаардлага хүргүүлжээ.
Тодруулбал, тус компани нь 2025 онд цахим гадаад паспорт үйлдвэрлэхэд ашигладаг 137200 ширхэг поликарбонатыг 5,3 сая төгрөгөөр худалдан авсан байна.
Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад түүхий эдийн чанаргүй байдлаас болж, 78 сая төгрөгийн өртөгтэй 1302 ширхэг цахим паспорт чанарын шаардлага хангахгүй хэвлэгдэж, үйлдвэрийн гологдол гээд устгагджээ.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн үйл ажиллагаанд орохоос өмнө чанарын шаардлага хангахгүй, түүхий эд нийлүүлэгдсэн нь ийнхүү үйлдвэрийн ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үйлдэл удаа дараа гарч байгаа аж.
Эргэн сануулахад, “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн захирлаар энэ оныг хүртэл ажилласан Э.Ариунгэрэл ажиллаж байсан бөгөөд 2026 оны нэгдүгээр сард Ч.Нямоюунг томилжээ.


