АТҮТ-т дураараа дургиж буй Уяач Ц.Батсайхан ₮3,4 тэрбумын ХАУС, ОРОН СУУЦТАЙ, ₮954 саяын үнэлгээтэй 370 АДУУТАЙ

ЗТЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төвийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар Автотээврийн үндэсний төвийн ажилтан С шүгэл үлээжээ. Ц.Батсайхан хувьд 2026 оны нэгдүгээр сараас Автотээврийн үндэсний төвийн захирлаар томилогджээ. Ажлаа хүлээн авснаасаа эхлэн мэргэжлийн ажилтнуудыг халж, Автотээврийн тусгай дугаарын төлбөрийг хүртэл нэмжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн ажилтан С өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр, "Томилогдсон даруй даа Шуурхай хурал удаа, дараа зарлаж, байгууллагын орлогыг ямар ч хамаагүй аргаар нэмэгдүүлэх, "бүсээ чангалах" үүргийг өгсөн. Гэвч түүний "орлого нэмэх" арга нь инноваци бус, иргэдийн нуруун дээрх ачааг нэмэх байв.
Автотээврийн салбарын мэдээлэл, зөвлөгөө өгөх зориулалттай 1900-1234 тусгай дугаарын төлбөрийг ямар ч үндэслэлгүйгээр, хүчээр шахуу нэмэгдүүлсэн /нэмэх боломжгүй гэсээр байхад/. Угтаа бол төрийн үйлчилгээний лавлах дугаарын үнэ тариф нь иргэдэд дарамт болохгүй, тогтмол байх ёстой. Энэхүү тарифын өөрчлөлт нь Засгийн газрын тогтоол зөрчсөн үйлдэл болсон бөгөөд зөвхөн байгууллагын "орлого" нэртэй тоон үзүүлэлтийг өсгөхийн тулд иргэдийг шууд хохироож буй үйлдэл хийсэн. Бүсээ чангал хэмнэ гэж шаардсан захирал маань "бүтцийн өөрчлөлт" нэрээр мэргэшсэн боловсон хүчнийг цэвэрлэх санаатай байсан болж таарав.
АТГ-аас "мэргэжлийн бус" гэж дүгнэлт гаргасаар байтал улайран зүтгэж буй энэхүү маргаантай томилгооны зангилаанд Зам тээврийн яамны ТНБД Б.Насантогтохтой холбогдож байна. Тэрээр албан тушаалаа өгөхөөсөө өмнө яаран сандран энэхүү томилгоог хийсэн нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй, урьдаас төлөвлөсөн "шахаас" байсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Хууль бус дүгнэлтийг үл тоон, мэргэжлийн бус хүнийг ийнхүү зүтгүүлсэн нь төрийн албыг хувийн тоглоомын талбай болгосны илрэл биз ээ. Уяач Ц.Батсайхан даргын ард "Симба" гэх ах болон түүний дүү Бат-Энх нарынх нь нөлөө болон МАН-ын генсек Содбаатар нарын улс төрийн бүлэглэлийн ашиг сонирхол байгаа талаар энэ байгууллагын ажилтан, албан хаагч бүр халагдчихвий гэсэн айдсын доор ярьцгааж байна. Өөрсдөө бүтцээ зураад газрын дарга болсон цагдаа, прокурорууд маань би энэ хэлтэс газрыг авна гэж буулаацалдах шахуу байв. /Баримттай албан хаагч бүр мэдэж бгаа/ АТҮТ бол хэн нэгэн даргын дураараа авирладаг хувийн тоглоомын талбай биш, харин хуулиар засагладаг төрийн байгууллага баймаар!" хэмээжээ.
Бичгээ гаргуулчхаад олон нийтээр шүүмжлүүлж суугаа Ц.Батсайхан гэж хэн бэ.
Энэ Төр уяачдаар чухам яах гээд байгаа юм бол.
Уяач Ц.Батсайханы хувьд дэд сайдын суудалд дэнчингээ багадуулчихсан учир ийнхүү АТҮТ-ийн даргын суудалд суусан нэгэн билээ.
Тэрээр, 2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлаар томилогдож, улмаар 2019 онд М.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны Ерөнхийлөгчийн суудлаа Ц.Батсайханд өвлүүлэн өгч байв. Тиймдээ ч түүнийг МАН болон УИХ-ын дарга асан М.Энхболдын ойрын хүн, “Симба” хочит Ц.Батаагийн дүү гэдгээр олон хүн мэднэ. Хамгийн сүүлд татаасаар "Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК-ийн захирлын суудалд очсон байдаг.
Ц.Батсайхан нь “Айзам” хамтлагийн дуучин, Монгол Улсын тод манлай уяач бөгөөд урлаг, уран сайхан, спортын цол гуншингаараа бол хэнийг ч дагуулахгүй ч мэдлэг, туршлагаараа бол намтар нимгэн, НАМЫН ЦҮНХ БАРИГЧ л гэсэн үг.
Мөн ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн захирлаар ажиллаж байхдаа "Зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан үрийн будаа шаардлага хангаагүйгээс улсад их хэмжээний хохирол учруулсан" хэргээр хууль хяналтын байгууллагынханд шалгагдаж байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан удаатай. Тиймээс ч энэ удаагийн томилгоог АТГ-аас шаардлага хангахгүй байна гэдэг бичиг ч явуулсан ч ийнхүү хүчээр томилогдсон аж.
Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн дарга, уяач Ц.Батсайханы 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮65 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,4 тэрбум /Орон сууц-1, Амины орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮8 сая /Kia, FRONTIER, Dodge, Caliber, Jidong, CLW5110JSQT3 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮954 сая /Хурдан удмын адуу-126, Адуу-246, Үхэр-58, Үхэр-20, Хонь-70, Хонь-45/
Газар: ₮20 сая /Өмчлөх-0.07га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮120 сая
Хадгаламж: ₮102 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Ц.Батсайхан гэх Тод Манлай уяач Автотээврийн үндэсний төвийн дарга боллоо гээд тээвэр ложистик сайжрах уу гэвэл үгүй. Ямар хаашаа янзын томилгоо вэ. Харин эсрэгээрээ Соёл урлагийн их сургуулийг дуучин мэргэжлээр төгсөж, морин спорт холбоог удирдаж явсан түүнд сонгон шалгаруулт хийхгүй АТҮТ-ийг өгсөн нь анхнаасаа асуудал дагуулах нь тодорхой байсан.



