ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож буй М.Баярмагнай шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, торгох ял сонсож байжээ

Авлигын хэрэгт холбогдон хөрөнгө хураалгаж, АТГ-т шалгагдаж буй ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайг томилохоор болжээ.
М.Баярмагнайгийн хувьд өмнө нь Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, "Хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн дарга, 2020-2024 онд Эрчим хүчний дэд сайд, 2025 оноос Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан.
Мөн тэрээр, "Хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн даргаар ажиллахдаа Мондулаан трейд” ХХК-д 15 тэрбумын зээл олгосон хэргээр яллагдагчаар татагдан улмаар шүүхээс ял шийтгэгдэж байсан нэгэн аж.
Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард /2025.09.17/ Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс М.Баярмагнайгийн нийтийн албанд томилогдох эрхээ хасаж, торгох ял сонсож байсан.
Тэгвэл шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, торгох ял сонссон ч сайдын суудалд одтой ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох болж буй М.Баярмагнайгийн 2023 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮70 сая
Гэр бүлийн орлого: ₮166 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3.2 тэрбум /Орон сууц-3, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮15 сая /Toyota, Prius XW30/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Эзэмших-0,07 га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮35 сая
Авлага: ₮384 сая
Зээл: ₮250 сая гэж мэдүүлжээ.
