Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна

“Tourism Week – 2026” үндэсний чуулган нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордонд эхэллээ.
Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон аялал жуулчлалын салбарын 900 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэ жилийн чуулганд олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлж байна. Мөн НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага, ЖАЙКА, КОЙКА, Солонгосын аялал жуулчлалын байгууллагууд, Дэ Нэйче Консерванси (The nature conservancy) зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудын илтгэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байгаагаараа онцлогтой.
Монгол Улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй байна.
• 2023 онд 651,061 жуулчин хүлээн авч, эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн.
• 2024 онд 808,956 жуулчин ирж, 1.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн.
• 2025 онд анх удаа 847,170 жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 16 хувийн өсөлт үзүүлсэн бөгөөд бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт байна.
Монгол Улс 2026 оны 01, 02 дугаар сард нийт 82,119 жуулчин хүлээн авч 2025 оны мөн үеийн 63,349 жуулчинтай харьцуулахад 18,770 жуулчнаар буюу 29 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд өвлийн улиралд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт тогтоосон нь өвлийн аялал жуулчлалын шинэ боломж, өсөлтийг харуулж байна.
“Tourism Week-2026” үндэсний чуулганд оролцогчдын 55.2 хувь нь зочид, 24.1 хувь нь сонирхогч, 18.6 хувь нь оюутнууд байгаа бол үлдсэн хэсгийг илтгэгчид, хэвлэл мэдээлэл, олон улсын төлөөлөгчид болон ивээн тэтгэгчид бүрдүүлж байна.
Үйл ажиллагааны чиглэлээр тур операторууд (24.3%), боловсрол, сургалтын байгууллагууд (17%), агаарын тээврийн компаниуд (16.9%), жуулчны баазууд (12.6%), хөтөч-тайлбарлагчид (6.6%) болон салбарын бусад байгууллагууд оролцож байгаа нь аялал жуулчлалын салбарын өргөн хүрээний оролцоог илэрхийлж байна.
“Tourism Week – 2026” чуулган нь төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх чухал талбар болж байна.






