ХХААХҮЯ-ыг Дарханаас Улаанбаатар руу дахин нүүлгэвэл өмнө зарцуулсан 5.5 тэрбум болон одоо гарах зардлыг Ж.Энхбаяр төлөх үү!?

Дархан хот руу нүүсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны ажилчид эхнээсээ Улаанбаатар хот руу нүүж эхлэв. Тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн газар саяхан гэхэд тавилга, эд хогшлоо Улаанбаатарын дугаартай ачааны машинд ачаад, нүүлээ гэсэн мэдээлэл ч гараад буй.
Анх Засгийн газрын хуралдаанаар 2024 оны есдүгээр сарын 11-нд ХХААХҮЯ-ыг Дархан хот руу нүүлгэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд тус яамыг 2.4 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотоос нүүлгэсэн бол Дарханд суурьшсан яамны ажилчдын орон сууцанд 3.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэтэл улсын төсвөөс өчнөөн тэрбумыг зарцуулсан энэ шийдвэр хоёр жил ч хэрэгжсэнгүй, буцаж байна. Тус яам 120 гаруй ажилтантай. Харьяа байгууллагуудтайгаа нийлээд, 320 гаруй хүнтэй.

ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх хүрээнд албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх нэрээр Хөдөө аж ахуйн биржийн хуримтлагдсан ашгаас 3.1 тэрбум төгрөг гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болохыг аудитын байгууллага шалгалтаар тогтоосныг өмнө бид мэдээлж, энэ асуудлыг хуулийн байгууллага шалгах ёстойг ч анхааруулсан. Харин экс сайд Ж.Энхбаяр "Хууль зөрчөөгүй" гэж биеэ өмөөрсөн билээ.
Түүнчлэн тус яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэн шилжүүлсэн энэ асуудал нь зөвхөн сайд Ж.Энхбаярын хувийн бизнес рүүгээ яамыг ойртуулсан эрх ашигтай нь холбоотой явцуу шийдвэр гэж шүүмжлэх хэсэг ч байсан.
Гэтэл өнөөдөр Ж.Энхбаяр тушаал дэвшин, Тэргүүн шадар сайд болж, Улаанбаатарт төвхнөснөөр орыг нь авч, ХХААХҮ-ийн сайд болсон М.Бадамсүрэн Дархан явахаас төвөгшөөж, тус яамыг буцаагаад Улаанбаатар луу нүүлгэж байна. Үүнд дахиад дунджаар 1.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь тодорхой.
Тэгвэл тус яамыг Улаанбаатар хотод буцаан авч ирснээр төсвөөс зарцуулсан олон арван тэрбумаас эхлээд орон сууцны дэмжлэг нэрээр нийт 60 албан хаагчид олгосон 3.1 тэрбум төгрөгийг хэрхэн барагдуулж авах вэ гэдэг асуудал давхар сөхөгдөж байна.
Судалгаа тооцоо муутай, сэтгэл хөдлөл, ганц нэгхэн хүний эрх ашгийг хангах нэрээр хүчээр гаргасан шийдвэр насгүй, эцэст нь татвар төлөгчид хамаг ачааг нь үүрч үлддэг жишиг болж байна.
ХХААХҮЯ-ыг Дарханаас Улаанбаатар руу дахин нүүлгэвэл өмнө зарцуулсан 5.5 тэрбум болон одоо гарах бүх зардлыг зардлыг нь шийдвэр гаргасан буруутай сайд нар төлөх үү!?






