Цаасан дээрх “Хүннү” хотын Захирагч М.Батбаяр 422 саяар компьютер, тавилга авч, 1.3 тэрбумын зарцуулалт хийжээ

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах шав тавьснаас хойш нэрийг нь хоёр ч удаа өөрчилж, удирдлагыг нь гурван удаа сольж, 70 гаруй хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулсан хэрнээ ажил нь огтхон ч урагшлаагүй, газар чөлөөлөлт, инженерийн дэд бүтэц зэрэг суурь асуудлыг нь ч бүрэн шийдээгүй цаасан дээрх Хүннү хот юм.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд нэрийг нь гурван ч удаа өөрчилж амжсан Хүннү хотын захирагчаар М.Батбаярыг томилож, улсын төсвөөс цалинжуулаад жил орчмын хугацаа өнгөрч буй.
Түүний хувьд "Хүннү хот" эхний оршин суугчдаа 2028 онд хүлээн авна гэж буй. Гэтэл цаасан дээрх хоосон "Хүннү хот"-ын өнөөх захирагч М.Батбаярын өнгөрсөн хугацаанд хийсэн ажил бол 422 сая төгрөгийн тендер зарлан тоног төхөөрөмж, тавилгатай болгосон нь. Өөр нүдэнд харагдах ажил харагдсангүй.
Тухайлбал, БСБ ОФФИС МЕБЕЛЬ-ээс 168 сая төгрөгөөр тавилга авч, "Очир чулуун тулга" ХХК-иас 253 сая төгрөгөөр "Компьютер" зэрэг төхөөрөмж авчээ.
Тодруулбал,
- “Хүннү хот”-ын бүтээн байгуулалтын ногоон барилгын зөвлөх үйлчилгээний ажил- 280 сая төгрөг
- “Хүннү хот”-ын Захирагчийн ажлын албанд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга- 422 сая төгрөг
- Олон улсын уралдаанд зориулж үзэсгэлэн гаргах гэрэлт самбар-96 сая төгрөг
- "Хүннү хот"-ын бүтээн байгуулалтын ногоон барилгын зураг төсвийн ажил- 400 сая төгрөг
- “Хүннү хот”-ын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалтад оролцогчдыг байрлуулах болон холбогдох үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах- 100 сая төгрөгийн тендер зарлаж, зарцуулалт хийжээ.
Мөн үүнээс гадна сар бүр 20 сая төгрөгийн офффисийн түрээсийн төлбөх зарлагдаж сууж байна.
М.Батбаярын хувьд Хэнтийн аймгийн харьяат, Соёлын яам, Хөшигтийн хөндийд удирдах албан тушаал хашиж байсан нэгэн.




