Данхар бүтэцтэй Г.Амартүвшингийн “Эрчист Монгол“ХХК 12-р сард төсвийн ₮220 саяар 68 ширхэг компьютер худалдан авчээ

Монголын төр УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинд зориулаад нэг том компани нээгээд өгчихсөн билээ.
Тодруулбал, уул уурхайн бус төрийн өмчийн 44 компанийг нэгтгэсэн “Эрчист Монгол” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулах тухай Засгийн газрын тогтоол (2025.01.08) гарсан. Эдгээрийн 27 нь эрчим хүчний салбарын компани юм. Гэхдээ эрчим хүчний салбарыг удирдлагагүй болгосон бурууг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ч, "Эрчист Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ч өнөөдөр хүртэл хариуцлага хүлээгээгүй ирсэн.
Байгуулагдсан цагаасаа асуудал дагуулж, хэл ам таталж ирсэн Г.Амартүвшингийн “Эрчист Монгол“ХХК нь дэндүү данхар бүтэцтэй энэ байгууллагын ажилчдынх нь цалин хөлс, сандал ширээ, тоног төхөөрөмж, байрлах оффисын асуудал хүртэл улсын төсвөөс гарч буй.
Тухайлбал, шилэн дансны мэдээллээс тухай компани сард хичнээн төгрөгийн зарлага гарагаж байгаа талаарх мэдээллийг шүүгээд үзэхэд, “Эрчист Монгол“ХХК 10-12 сарын оффис түрээсийн төлбөрт 25 сая төгрөг төлжээ.
Мөн өнгөрсөн оны 12-р сард төсвийн 220 сая төгрөгөөр 68 ширхэг суурийн болон нөтбүүк худалдан авчээ.
Түүнчлэн 150 орчим сая төгрөгөөр тавилга, тоног төхөөрөмж, систем худалдан авсан байна.



























