Гэрээс нь ₮350 саяын валют олдож, баривчлагдсан Б.Насантогтох ₮582 саяын 2 ОРОН СУУЦ, ₮291 саяын ХАДГАЛАМЖТАЙ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын гэрээс 350 сая төгрөг хурааж, АТГ-аас саатуулан шалгаж байгаа нь олны анхаарлыг татаж буй.
Тодруулбал, АТГ-ынхан мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийгээд гэрээс нь бэлнээр 10 600 ам.доллар, 11 600 юань, 300 000 вон, 3440 евро, мөн түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс 70 000 ам.доллар гээд нийт 350 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураан авчээ.
Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон нь тогтоогджээ.
Тодруулбал, уул уурхайн компанийн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хууль бусаар баталсан байна. Ингээд тус уул уурхайн компанитай эхнэрийнхээ үүсгэн байгуулсан компаниар дамжуулан 5.5 тэрбумын гэрээ байгуулж, хөнгөн цагаан, ган хоолой нийлүүлж, улсын мөнгийг завшсан байж болзошгүй байна.
Түүний хувьд 2020 оноос ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын, 2022 оноос Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байгаад өнгөрсөн есдүгээр сард өнөөгийн албан тушаалдаа очсон билээ.
Тэгвэл Гэрээс нь ₮350 саяын валют олдож, баривчлагдсан ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтохын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮69 сая
Гэр бүлийн орлого: ₮57 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮170 сая
Орон сууц барилга байгууламж: ₮582 сая /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй:₮49 сая /Хонь-140, Үхэр-56/
Газар:₮4 сая /Эзэмших-621м2-1, Эзэмших-699м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮70 сая
Хадгаламж: ₮291 сая
Авлага: ₮180 сая
Зээл: ₮200 сая гэж мэдүүлжээ.

