Цаасан дээрх “Тавантолгой ДЦС”-аас сул цалин авч ирсэн ТУЗ-ийн 10 ГИШҮҮН

Тавантолгойд дулааны цахилгаан станц барьж өмнөд бүс нутаг, тэр дотроо Оюутолгойн өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангана гэсэн PR гэх үү, уран зөгнөл гэх үү яриа 2009 онд анх эхэлж байв. Ер нь бол Оюутолгойн гэрээтэй зэрэг яригдсан түүхтэй. Бараг 2019 он гэхэд ашиглалтад оруулчихна хэмээн амлаж байв.
Гэтэл татвар төлөгчдийн мөнгө УЙЛДАГГҮЙН тод жишээ тус цаасан дээрх станцад бий болжээ. Учир нь 10 гаруй жил баригдахаар яригдаж буй "Тавантолгой ДЦС"-ын ТУЗ нь 10 гишүүнтэй. Жилд 110 сая төгрөгийн цалинг татвар төлөгчийн мөнгөнөөс гардаг байжээ.
Shilen.gov.mn дээрх тус мэдээллээр бол Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн ТУЗ нийт 10 гишүүнтэй, нэг гишүүний сарын цалин 840 мянган төгрөг аж. Гэтэл дулааны цахилгаан станц нь ажлаа эхлээгүй байдаг. Ажил эхлэх бүү хэл тендерээ ч зарлаагүй байсан гэдэг мэдээлэл нь өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд далд уурхайн нээлтийг хийх үед олон нийтэд ил болж хэвлэлээр цацагдсан.Ийм атал ТУЗ-ын гишүүд сул цалин аваад сууцгааж байсан болох нь дээрх мэдээллээс харагдаж байгаа юм.
Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК нь гүйцэтгэх захирал Г.Тэнгэрийг оролцуулаад 15 ажилтантай. Мөн ТУЗ-ийн 10 гишүүнтэй бөгөөд гишүүд 820-840 мянган төгрөгийн цалинг сар бүр авдаг.
Хамгийн ноцтой нь, Тавантолгой ДЦС-ыг барих эзэн тодорхойгүй ч ТӨХХК нь 58 тэрбумын өртэй болжээ. Тус өр нь Хөгжлийн банкны зээл бөгөөд 2022 онд төлж дуусгахаар гэрээлсэн ч төлөөгүй тул чанаргүй зээлийн ангилалд шилжжээ.
Өөрөөр хэлбэл, манай улсад ажил нь эхлээ ч үгүй байхад ТӨХХК байгуулж, төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг жишиг тогтжээ.



