Т.Аубакир: Дундаж тэтгэврийн хэмжээ 930.2 мянган төгрөг болж байна

Засгийн газрын хуралдаанаар бүх төрлийн тэтгэврийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр нэмж, тэтгэврийн доод хэмжээг 769 мянган төгрөгт хүргэхээр боллоо.
Энэ талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир "Байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ сард 445 мянган төгрөг байсныг 39 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 484 мянган төгрөг болгож байна. Энэ бол нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ юм.
Харин өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох Засгийн газрын шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Бүх тэтгэвэр авагчийн тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Ингэснээр их, бага тэтгэвэр авдаг хүмүүсийн хооронд ялгаа үүсгэхгүйгээр нэмэгдүүлж байна.
Өмнө нь 8.6 хувийн нэмэгдэл байсныг шууд жигдлээд, 80 мянган төгрөг болгосон. Үүний үр дүнд, дундаж тэтгэврийн хэмжээ 850 мянган төгрөг байснаас 930.2 мянган төгрөг болж байна.
Ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн хувьд 2025 оны төсөвт 162 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч тооцоолоогүй ажилгүйдэл үүссэн. Төрийн есөн хувийн цомхотголоор 7 мянга гаруй хүнд цомхотгол хийсэн. Мөн энэ сангаас хууль бусаар тэтгэмж авдаг явдал ихэссэн. Тиймээс бид ажилгүйдлийн тэтгэмж олгох журмаа эргэж харах шаардлагатай. Ирэх жилийн ажилгүйдлийн тэтгэмжид 190 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа" гэлээ.
