Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох 3 жилийн хөтөлбөрийг Oracle компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улс “Цахимаар нэн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн 9 сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд тус стратегийн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээр 66 төсөл, арга хэмжээг зохион байгуулна.
Тус стратегийн хоёрдугаар зорилтод Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан ёс зүйтэй, хариуцлагатай хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлнэ.” хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр “Оракл” компанийн “Skills Development Initiative” санаачилгад нэгдэн, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Ингэснээр дэлхийд технологийн хөгжлөөр тэргүүлэгч “Оракл” компанийн “Oracle Academy” хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын 60,000 эмч, багш, төрийн албан хаагчид болон иргэдэд олон улсын түвшний сургалтын хөтөлбөр, дижитал платформуудыг үнэ төлбөргүй ашиглуулах боломжийг бүрдүүллээ.


