АУДИТ: Орон тоо батлагдаагүй байхад 18 хүнийг ажиллуулж, ₮420 саяын хууль бус ЦАЛИН олгожээ

Үндэсний аудитын газраас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай дүгнэлт гаргажээ.
Шалгалтаар, Санхүүгийн тайлангийн аудиттай холбоотой нийт 7,48 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 99,8 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 2,84 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлагыг хүргүүлж, 4,5 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх зөвлөмж өгчээ.
Тэрээр тус газрын санхүүгийн сахилга, хяналт, дотоод аудитын тогтолцоо сул байгааг харуулж байна гэж дүгнэлт гаргажээ.
Тухайлбал,
- Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөг батлуулаагүй нэмэлт санхүүжилтийн дансанд 1,57 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн зарцуулсан,
- Тус газрын төсвөөс харьяа төсөвт байгууллагуудын 913 сая төгрөгийн зардлыг санхүүжилсэн,
- Хөрөнгө тооллогын комисс нь 315 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 107 сая төгрөгийн бараа материалын тооллого хийгээгүй, хөрөнгийг тооцоо бодож актаар баталгаажуулаагүй,
- Байгууллагын бүтэц орон тоо батлагдаагүй байхад 18 хүнийг ажиллуулж цалин, НДШ-ийн зардалд 420 сая төгрөгийг зарцуулсан,
- Бараа материалын дансны ангиллыг 316 сая төгрөгөөр буруу бүртгэсэн зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.
Тиймээс батлагдсан төсвийг зориулалтын дагуу эдийн засгийн ангилалд нийцүүлэн зарцуулаагүй зөрчлийг таслан зогсоож, дахин давтан гаргахгүй байх талаар албан шаардлагыг Б.Баярсайханд хүргүүлжээ.
Тус газрын даргаар УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан 2025 оны хоёрдугаар сараас эхлэн ажилллаж буй.































