АУДИТ: “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-аас Булганы ЗДТГ болон “Дэлхийн Алтаргана 2024“ наадамд ₮2 тэрбум олгосон зэрэг ₮142 тэрбумын “үргүй зардал“ гаргажээ

Үндэсний аудитын газар 2025 оны гуравдугаар сарын 14-нд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, хязгаарлалттай дүгнэлт гаргасан байна.
Аудитын багийн дүгнэлтэд дурдсанаар, тус газрын 2024 оны санхүүгийн тайлан нь ерөнхийдөө үнэн зөв боловч тодорхой зөрчил, алдаа илэрсэн тул “хязгаарлалттай дүгнэлт” өгчээ.
Тодруулбал, Аудитаар нийт 116 тэрбум төгрөгийн 14 зөрчил илэрснээс, 103 тэрбум төгрөгийн 7 албан шаардлага хүргүүлж, 13 тэрбум төгрөгийн 7 зөвлөмж өгчээ.
Тухайлбал,
- "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтын хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэр, (HL-SX/EW) технологиор катодын зэс үйлдвэрлэх арга хэмжээний ТЭЗҮ-ийн зардалд нийт 4,1 тэрбум төгрөг зарцуулсан боловч төлөвлөсөн хугацаанд хэрэгжээгүй, ашиглалтад ороогүй байна.
- "Белаз хүнд даацын өөрөө буулгагчийн сэлбэг, эд ангийг худалдан авах" тендерийн хүрээнд "Беллинк" ХХК-тай тайлант онд автомашины сэлбэг 3,8 тэрбум төгрөг, хүнд даацын автомашины цахилгаан тоноглолын сэлбэг 3,74 тэрбум нийт 7,6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Аудитаар хянаж үзэхэд "Беллинк" ХХК нь гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүйгээс алданги тооцох нөхцөл бий болсон, 2024 онд зарласан адил төстэй сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх нээлттэй тендерт 6 удаа үнийн санал хүргүүлж, оролцогчийн ерөнхий нөхцөлийн шаардлагыг хангаагүй, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр компани байгуулагдсан зэрэг нь цаашид үйл ажиллагаанд ашиглаж буй Белаз маркийн хүнд даацын техникийн сэлбэг хэрэгсэл тасалдах, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байх, найдваргүй авлага үүсэх эрсдэл учирч болзошгүй байна.
- Томилолтын болон сургалтын зардлын хэмжээг томилолтоор ажиллах ажилтны албан тушаалаар ялгаатай буюу харилцан адилгүй тогтоон Тамгын дарга баталж, тайлант хугацааны албан томилолтын зардлаас шалгахад 69.9 сая төгрөгийн албан томилолтын зардлыг Сангийн сайдын баталсан тарифаас илүү тооцож олгосон.
- 2024 онд 229 сая төгрөгийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй дараах хандив, тусламжийг хууль, тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр олгосон байна.
- Тус үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар 2024 оны баталсан цалингийн зардлыг 9.9 сая төгрөгөөр хэтрүүлсэн, гадаад албан томилолтын зардлын төлөвлөгөө батлаагүй байхад нийт 30 сая /УБТГ 14.8 сая төгрөг, БХТГ 7.6 сая төгрөг, МХТГ 8.3 сая төгрөг/-ийг зарцуулсан байна.
Мөн 142 тэрбум төгрөгийг дараах арга хэмжээг санхүүжилсэн нь үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг бууруулахад нөлөөлсөн гэж аудитын тайланд дурдсан байна.
- Шинэ Хархорим хотын төв цэг, төв талбайн тохижилтийн ажлын санхүүжилтийн тухай ЗГ-ын тогтоолоор 20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ХББОСЯ-нд шилжүүлсэн.
- УУХҮЯ, Монголросцветмет ТӨҮГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гурван талт гэрээний хүрээнд "Монголын далд урхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв" төсөлд 3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Монголросцветмет ТӨҮГ-т шилжүүлсэн.
- Парис-2024 зуны олимпын үеэр МУ-ыг сурталчлах Монголиа хаус төслийн санхүүжилтэд 200 сая төгрөг шилжүүлсэн.
- Дархан арьс ширний цогцолборын хөрөнгө оруулалтад ЗГ-ын тогтоолоор 2,3 тэрбум шилжүүлсэн.
- Булган аймагт хамтран ажиллах гэрээний хүрээнд 1 тэрбум төгрөг, "Дэлхийн Алтаргана 2024" наадмыг зохион байгуулахад 1 тэрбум төгрөгийн дэмжлэгийг тус амгийн ЗДТГ-т олгосон.
- Орхон аймагт хамтран ажиллах гэрээгээр 2,2 тэрбум, тус аймгийн доторх авто замын засвар, шинэчлэлийн ажилд 20 тэрбум төгрөг, Эрдэнэт хоот бүтээн байгуулалтын анхдагч илгээлтийн эздийн 50 жилийн ойд 3 тэрбум төгрөгийг тус тус ЗДТГ-т олгосон.
- Завхан аймагийн ЗДТГ-т гэрээний хүрээнд 200 сая төгрөгийн дэмжлэг олгосон байна.
Аудитын байгууллагаас дүгнэхдээ, “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын 2024 оны санхүүгийн тайлан үндсэндээ үнэн зөв боловч зарим зарцуулалт нь үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг бууруулахад нөлөөлөхөөр байгаа нь санхүүгийн сахилга, хяналт, дотоод аудитын тогтолцоо сул байгааг харуулж байна гэжээ.
