Т.Доржханд: Хамтарсан ЗГ-ын үед хөрөнгө оруулалт авч чаддаггүй байсан “ЧӨТГӨРИЙН ТОЙРГООС“ гарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд Т.Доржханд "Монгол Улс 40 жилийн хугацаанд шинэ цахилгаан эх үүсвэр барьж чадаагүй. Төсвийн хөрөнгө оруулалт байхгүй, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, дотоодын хөрөнгө оруулалт ч байхгүй. Ингээд тог цахилгаан хязгаарлагдмал байсан.
Гэтэл өнөөдрийн үр дүн юу байна вэ гэхээр, ердөө гурван хоногийн өмнө Арабын Нэгдсэн Эмират улсын ACWA Power гэж дэлхийд эхний тавд багтдаг эрчим хүчний том тоглогч Монгол Улсад орж ирэхээ албан ёсоор зарлалаа. Тэд бүтэн дөрвөөс зургаан сарын хугацаанд судалгаа хийсэн. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ ямар байна, нөөц нь ямар, төслүүд хэрэгжих боломж бий юу, цаашид экспортлох боломж байна уу гэдгийг судалсны эцэст шийдвэрээ гаргасан.
Үр дүнд нь 10 гигаватт буюу дор хаяж 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн. Энэ бол бодит үр дүн.
Өмнө нь төр төсвөө гаргадаггүй, гадаадынхан мөнгө гаргадаггүй, хувийнхан орох боломжгүй. Ийм "чөтгөрийн тойрогт" гацсан байсан. Энэ гацааг хамтарсан Засгийн газрын үед амжилттай шийдэж чадлаа.









