Цахилгаан шатны инженер, засварчин, угсралтын чиглэлийг мэргэжилтнүүдийг БНСУ-д бэлтгэнэ
БНСУ-ын Бусан хотод суух ерөнхий консул Ц.Жадамбаа цахилгаан шатны инженер, засварчин, угсралтын чиглэлийг мэргэжилтнүүдийг БНСУ-д урт болон богино хугацаагаар бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон тухай мэдээлжээ.
Тэрбээр, "Өмнөд Кёнгсан мужийн Гочан хотод байрлах Цахилгаан шатны аж үйлдвэрийн цогцолборт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
Тус цогцолбор нь цахилгаан шат болон эд анги үйлдвэрлэдэг 30 гаруй аж ахуйн нэгж, аюулгүй байдлын туршилт шинжилгээний төв, үйлдвэрлэгчдийн холбоо болон БНСУ-ын цорын ганц цахилгаан шатны их сургуулийг нэгтгэсэн, салбартаа төвлөрсөн үндэсний хэмжээний бүтээн байгуулалт юм.
Арга хэмжээний үеэр тус сургуулийн дэд захирал Ким Сын Ху сургалтын хөтөлбөрийг танилцуулж, Монголын оюутнуудыг элсүүлэх болон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боломжийн талаар санал солилцов. Монгол Улсад цахилгаан шатны засвар үйлчилгээний ажилтан бэлтгэх богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнчлэн оюутан солилцоо болон хамтарсан сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Сургуулийн удирдлагын зүгээс Монгол оюутан элсүүлэхэд бэлэн байгаагаа онцолж, Солонгос хэл мэдэхгүй оюутнуудад сургуулийн дэргэд хэлний бэлтгэл ангид суралцах боломжтой гэв. Мөн визний хүндрэлтэй байдлыг харгалзан, хоёр улсын түвшинд тусгайлсан хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг санал болгов.
Уулзалтын үр дүнд хоёр тал Монголын барилгын салбарын хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, оюутан солилцоо болон сургалтын хамтарсан хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлэх боломжийг хамтран судалж, холбогдох байгууллагуудын түвшинд дэмжиж ажиллахаар тохиролцов." гэв.









