Авлига хороолол-2: “Ширэнгийн босс”-ын “Зайсан Хүннү хороолол“-ын дулааныг татах гэж зуны 3 сар Зайсангийнхан халуун усгүй байжээ
Улаанбаатар хот 2 жилийн өмнө үерт автахад Сэлбэ, Туул, Дунд гол даган хууль зөрчин баригдсан барилгуудыг нураах шийдвэрийг албан тушаалтнууд гаргахад “Авлига” нэрээр олноо танигдсан “Аqua Garden” багтсан. Гэвч уг орон сууцны хороолол баригдсаар ашиглалтад ороход төр дэмжлэг үзүүлжээ гэж тодотгоход буруудахааргүй байна. Учир нь, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Аqua Garden”-д цахилгаан нийлүүлэхгүй гэдэг шүүхийн шийдвэр гараагүй тул эрчим хүчээр хангаж байгаа юм билээ” гэх тайлбараас ойлгож болно.
Уг нь дээрх газарт анх усан парк барих нэрээр 2008 онд газрын зөвшөөрөл авсан ч орон сууц барьсан, мөн Дунд гол орчимд барьсан тул Усны тухай хуулийг зөрчсөн болох нь холбогдох газруудын хяналт шалгалтаар тодорхой болж, эцэстээ шүүх дээр асуудал очсон. Гэвч эзэмшигчид нь газрын зөвшөөрлөө авсан гэдгээр шалтаглан барилгын ажлаа үргэлжлүүлсээр уг хотхоны ашиглалтад орлоо.
Тэгвэл Монгол Улсын Авлигалын нэвтэрхий толь буюу дараагийн АВЛИГА ХОРООЛОЛоор Хан-Уул дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын Ар Зайсангийн аманд ойн захаас 400 метрт байгалийн үзэсгэлэнт цогцолсон газарт баригдаж буй гэх сурталчилгаатай Хурд группийн "Зайсан Хүннү хороолол" болох нь.
Улаанбаатар хотыг цементэн "ширэнгэ" болтол барилга барьж, хөлжсөн улстөрч бол УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн юм. “Авлигыг нь өгье” гээд ч олддоггүй газарт “Хурд групп” л тансаг зэрэглэлийн орон сууц барьж, ашиглалтад оруулж чаддагийн цаад шалтгааныг “Ширэнгийн босс” гэж нэрлэгдэх болтлоо томорсон сайд Б.Чойжилсүрэнтэй холбодог.
Үүний тод жишээ нь Зайсангийн амны эцэст Дархан цаазат газарт 5 давхраас дээш байшингийн зөвшөөрөл А даалгавар гарахгүй, орон сууц барьж болохгүй гэсэн. Гэтэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бүхэл бүтэн 19 давхраар нь хороолол барьж буй.
Хууль хэнд үйлчилж, хэнд үйлчлэхгүй бэ гэдгийг эндээс харж болох юм.
Хамгийн ноцтой нь, барилгын том акул “Хурд групп”-ийн "Зайсан Хүннү хороолол"-ын дулааныг татах гэж зуны 3 сар Зайсангийнхан халуун усгүй байсан гэв үү?
Товчхондоо, Зайсангийн амны эцэс Дархан цаазат газарт "Отоглох цэг" байгуулж болох хуультай болж, Монголын хууль Б.Чойжилсүрэнд үйлчлэхгүй гэдгээ тод харуулж буй.









