Б.Цэнгэл: Төрийн өмчит компанийн захирлуудын сарын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 17 компанийг цөөлөх, 9 компанийг татан буулгаж нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан. Тухайлбал, Тайшир болон Орхон-Сэлэнгийн цахилгаан станцуудыг нэгтгэхийг санал болгож байна.
Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон бууруулах төлөвлөгөөтэй байна.
Төрийн өмчит компаниудын захирлуудын цалингийн хувьд хамгийн өндөр нь сарын 30 сая төгрөг бөгөөд үндсэн цалин харьцангуй бага ч ажлын гүйцэтгэлээр урамшууллыг үнэлэх талаар судалгаа дуусах шатандаа оржээ.
Зарим компаниудын, тухайлбал "Эрдэнэс Монгол", Хөдөө аж ахуйн бирж, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, МИАТ-ын захирлуудын цалин харьцангуй өндөр байна.
“Эрдэнэт”, “Эрдэнэс Таван толгой”, “МИАТ” зэрэг ТӨК-ийн 10-34 хувийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад хувьчилна" гэв.









