Э.Батшугар: Банкны картаар дамжуулан худалдан авалт хийхэд автоматаар и-баримт бүртгэгддэг болно
Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар цаасан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа.
Тэрээр" Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар cu аппликэйшнээр дамжуулаад и-баримтаа автоматаар бүртгүүлж байна. Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газарт автоматаар бүртгүүлэх системд холбогдсон байдаг.
Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар и-баримт бүртгэгддэг болох цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь Дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно" гэв.
Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Одоогийн байдлаар аж ахуй нэгжээр баримтаа бүртгүүлэх тохиолдолд автоматаар бүртгэгдэж байгаа. Иргэнээр баримтаа авах тохиолдолд тухайн иргэний дансны нэгдсэн системд бүртгэлтэй регистрийн дугаараар ордог болох боломжтой юм.
Тиймээс иргэн өөрөө дансаа сонгох шаардлагатай юм. Бид банкнуудтай хамтарч аппликэйшн дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй болж байна" гэв.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам









