Ерөнхий сайд хилийн чанадад суугаа Элчин сайд нартай цахим уулзалт хийв

2025 оны 6 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 24-ний Монгол Улсаас хилийн чанадах дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийв. Уулзалтад нийт 34 Элчин сайд болон Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлага оролцлоо.  

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон улсын харилцааны нөхцөл байдлаас үүдсэн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд санал санаачилгатай ажиллахыг нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгов. 

Түүнчлэн олон улсын харилцаанд үүссэн ээдрээтэй нөхцөл байдалд “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” суурь зарчмыг тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улс орнуудад ойлгуулах, тэнцвэртэй харилцах, байр сууриа хадгалах, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа. 

Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, төрийн бүтцийг цомхон, зохистой, уялдаа холбоотой, илүү хариуцлагатай болгохыг зорьж байгааг, энэ нь зөвхөн хэмнэх алхам биш, харин бодлого, хэрэгжилт, хариуцлагын гүйцэтгэлийг нэг цонхонд төвлөрүүлж, институт хоорондын давхардлыг арилгах стратегийн өөрчлөлт гэдгийг, төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг УИХ-д өргөн барихаар Засгийн газар хэлэлцэж буйг тэмдэглэлээ.
Улс орны оршин тогтнох үндсийг бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай гадаад орчныг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч, гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгч эн тэргүүнд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай Ерөнхий сайд уулзсан байна.

Төрийн гадаад бодлогын залгамжийг хангаж ажиллахын зэрэгцээ экспортыг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн гадаад таатай орчныг бүрдүүлэх шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд дипломат төлөөлөгчийн газрууд онцгой анхаарч, санаачилгатай, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Тэдний тавьсан санал, санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.

Мөн гадаад бодлого, үйл ажиллагааг эмх цэгцтэй, үр дүнтэй явуулахад гадаад бодлогын нэгдмэл байдал чухал гэдгийг онцлоод тус салбарт нэг цонхны зарчмыг баримталж, Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалт, бодлогын баримт бичиг, зөвлөмжүүдийг чанд мөрдөхийг даалгалаа. Гадаад арга хэмжээ, уулзалт хийхдээ салбарын яамтай заавал зөвшилцөж байхыг  Засгийн газрын гишүүдэд Ерөнхий сайд мөн үүрэг болгожээ. 

Уулзалтын үеэр дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тэр дундаа ОХУ болон БНХАУ-д суугаа Элчин сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар заавар, чиглэл авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664284
0 эможи

keyboard_arrow_up