С.Амарсайхан: Улс төрийн өндөр албан тушаал бол хэн нэгний амбиц, таамаглал, хүсэл мөрөөдөл бодол санаагаар тодорхойлогддоггүй
Шадар сайд С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Улс төрийн энэ цаг үед төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж халаа, хариуцлагын нэгдмэл байдал маш чухал. Бид бүх түвшинд улс төрийн талцал, туйлшрал, үгүйсгэлд автах бус, ард түмний эрх ашиг, амьдралын чанар, эдийн засгийн тогтвортой өсөлт, нийгмийн итгэлцлийг сэргээх асуудалд л анхаарах ёстой. Төрийн ажил, тэр дундаа улс төрийн өндөр албан тушаал бол хэн нэгний амбиц, таамаглал, хүсэл мөрөөдөл бодол санаагаар бус Үндсэн хууль, төрийн институци, улс төрийн намуудын бодлогоор тодорхойлогддог, хууль ёс, бодлого зарчмаар шийдэгддэг юм. Монгол Улсын Засгийн газар хууль ёсны дагуу бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
УИХ, төрийн институциуд бүгд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн, улс төрч, хувь хүн, аав хүнийхээ хувьд өнөөгийн нөхцөл байдалд маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Үүнийг улс төрийн соёл, ардчилсан үнэт зүйлсийн хүрээнд хүлээн авч, нийгмийн зүгээс хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах нь бидний нийтлэг ёс зүй, улс төрийн соёлын нэгэн илэрхийлэл байх ёстой” гэлээ. " гэв.









