С.Одонтуяа сайд байнга гадаад явчихдаг учраас яамны бичиг, цаас овоордог гэв
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ажил явахгүй бичиг, цааснаасаа давж гарч чадахгүй байгаа талаар тус яамны ажилчид хэлж буй.
Тодруулбал, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нь монголд байхаасаа илүү гадаадад томилолттой хэмээн харагдахаа больсон аж.
Төрийн байгууллагуудын арга хэмжээний нээлт, сайд дарга нарын арга хэмжээнд очиж зургаа авахуулахаас өөр салбарын бодлогыг тодорхойлох дорвитой алхам өнөөг хүртэл нэг ч хийгээгүй хэмээн салбарынх нь мэргэжилтнүүд шүүмжилж буй. Яамных нь бичиг, цаасыг өөр дээрээ овоолж, бусдад эрхийг нь шилжүүлэхгүй өөр дээрээ эрх мэдлийн төвлөрөл үүсгэж буйг ч салбар газрууд нь гомдоллож буй.
С.Одонтуяа сайдын хувьд сүүлийн үед УИХ-ын чуулганаас албан ёсны чөлөө авахаа болиод гадаадад томилолттой хэмээн яамныхаа хүнээр хэлүүлдэг болжээ. Тухайлбал, өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БОУАӨ-ийн сайд С.Одонтуяаг сураглаж, яагаад салбарынх нь асуудлыг хэлэлцэж байхад байхгүй талаар тодруулахад гадаадад томилолттой хэмээн яамных нь хариу өгчээ. УИХ-ын гишүүдийн хувьд ч БОУАӨЯ-ыг ажлаа мэдэхгүй, хариуцсан асуудалдаа ч бэлдээгүй, сайд нь тогтмол гадаад явчихаад үзэгдэхээ байлаа гэж шүүмжилсэн аж.
Монгол улсын хувьд цөлжилт, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын алхамуудыг хийх үүрэгтэй сайд нь татвар төлөгчдийн мөнгөөр зай гарвал зугаалж, завсар гарвал нисээд байж болох уу.
УИХ-д АН-аас жагсаалтаар орж, сайдын суудлыг шагнал болгон хүртсэн С.Одонтуяа хэзээ салбарынхаа ажилд ханцуй шамлаж орох вэ?!









