ШУУД: “ХАНГАЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛ” анхдугаар хуралдаан Архангай аймагт эхэлж байна
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ хүрээнд бүс тус бүрт бүсийн зөвлөл байгуулж, хуралдаан зохион байгуулах шийдвэрийн дагуу “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр /2025.04.14/ Архангай аймгийн “АРА АРЕНА” цогцолборт эхэлж байна.
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Хангайн бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгажээ.
Хангайн бүсийн зөвлөлийн хуралдаанаар хийгдэх хэлэлцүүлгүүд:
- "Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд"
- "Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин"
- "Бүсийн оцлог, харьцуулалт"
- "Амьдралын чанар, тулгамдсан асуудлууд"
- "Хангайн бүсийн хөгжил-2040" хэлэлцүүлэг тус тус болно.
Хангайн бүс: Нийт хүн амын 8.4 хувь хангайн бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 52.6%-ийг хөдөө аж ахуйн салбар, 32.2%-ийг үйлчилгээ, 15.2 %-ийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 6,770, дундаж цалин 1.4 сая.төг бөгөөд нийт малын тоо 13.7 сая.толгой байна.
Тус бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
- Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
- Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
- Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
- Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
- Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
- Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
- Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.









