ШУУРХАЙ: Цагаан сарын амралтын хугацааг СУНГАХ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ
Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр дөрвөн өдрийн дараа тохиох юм. Энэ жилийн тухайд билгийн тооллын шинийн 1-ний өдөр тасалдаж, битүүний маргаашийг шинийн 2-н хэмээн тооцож буй. Шинийн 2, 3-ны өдрүүд гуравдугаар сарын 1, 2-нд буюу Бямба, Ням гарагт тохиож байгаа бөгөөд төрийн байгууллагуудыг шинийн 3-наас хэвийн журмаар ажиллах шийдвэрийг холбогдох яамнаас гаргасан.
Тэгвэл дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас өөрчлөх бололтой. Учир нь Засгийн газрын 11-11 төвд "Цагаан сарын баяраар амралтын өдрүүдийг уртасгах хүсэлт"-ийг долоо хоногийн хугацаанд 257 иргэн хандаж, гомдол гаргасан байна.
Иймээс Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар "Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэн зохицуулах" асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар болжээ.









