Ж.Батзандан: Н.Цэлмүүн, Н.Номтойбаяр хоёрыг “БАЯН БОЛГОХ“ гэж Монголчууд төрөөгүй
УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Тэрбээр стратегийн орд газруудын хувь, эзэмшлийг тогтоох ажлын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.
Тэрээр “Хоёрдугаар сарын 5-нд Засгийн газар уул уурхайн салбарт ялангуяа стратегийн ордуудад үүрлэсэн бузар булайтай тэмц гэж намайг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Монгол Улс Үндэсний баялгийн санг байгуулсан. Би ажил гардаж авсан бол тултал нь хийдэг хүн.
Монгол Улсад Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордын жагсаалтыг баталсан. 16 ордыг стратегийн ордод бүртгэж, 38 ордыг УИХ-аар стратегийн ордод оруул гэдэг шийдвэр гаргасан.
Гэсэн ч өнөөдөр стратегийн ордуудыг хулгайлаад, идэж уугаад дуусаж байна. 16 ордын хамгийн сор болсон ордууд дуусаж байна.
"Цайрт минерал", "Бороо Гоулд", "Оюу толгой" нөөц нь дуусаж байна. Монголын ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлаж хэлэхгүй бол ЗГ-ын БЭТ гэж байх хэрэггүй. ЗГ-ын БЭТ бол онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд томилогддог. Одоо онцгой нөхцөл байдал үүссэн байна." гэв.
ЗГ-ын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан ЮУГ ОНЦЛОВ.
- Намайг БЭТ-өөр тавьчихлаа гэж муу хэлж байгааг харж байгаа биз.Та нартай хэлцэл хийх, хулгайч нартай тохирох хүн тавигдахыг хүлээж байсан байх. ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ.
-
Эрдэнэт үйлдвэрийн хажууд үүсмэл ордыг ашиглаж байгаа гурван компани байна. Нэг үүсмэл ордыг П.Цагаан дарга эзэмшдэг. Би П.Цагаан даргыг Монголдоо хурдан ирж хэлцлээ хийхийг урьж байгаа. Хэрвээ үүнийг хулгайгаар авсан бол хэлцэл хийхгүй лицензийг шууд дараагийн этгээдэд шилжүүлнэ.
Орд болгоны ард НЭГ САЙД, 3 УИХ-ЫН ГИШҮҮН байна. Ерөнхий сайд өчигдрийн ЗГ-ын хуралдааны үеэр "Энэ баялгийн хулгайг зогсоож, уул уурхайн ашгийг ард түмэндээ өгөхгүй бол ХУВЬСГАЛ ГАРНА шүү" гэж сайд нарт маш тодорхой чиглэл өгсөн.
Б.Нямтайшир улсын төсвөөр хайгуул хийсэн ордыг зүгээр аваад, гадаадын банкинд тавьж зээл авч Нарийн сухайтыг эхлүүлсэн.Энд нэг их гайхамшигтай хөдөлмөр тэнд байхгүй. Гэтэл МАК-ийн ордууд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн гэдэг хоёр хүн дээр л байдаг. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй. Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёрыг баян болгох гэж монголчууд төрөөгүй. Тэгэхээр хууль хэрэгжүүлэхийг МАК-иас шаардана.
Улсын төсвөөр хайгуул хийсэн ордыг авч банканд барьцаалаад 7 гэр бүл баяжсан.
АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан Ухаа худаг, Халзан бүргэдэй, Бороо гоулд зэрэг улсын төсвөөр хайгуул хийсэн бүх стратегийн ордуудыг авлига, албан тушаалын замаар компаниудад олгосон.
Ж.Оджаргал аа стратегийн орд газрыг ганцаараа, гэр бүлээрээ эзэмшихгүй ээ. Оджаргал гуай танаас өөр хүн Монгол Улсад байдаг юм шүү. Танайхаас өөр компани Монгол Улсад байдаг юм шүү. Монгол Улсын хуулийг зөрчиж, уландаа гишгэж, Монголын ард түмний доромжилж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгож, дараа дараагийн Монгол компаниудад өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятад руу зарж чадах Монгол аавын хүү мянга мянгаараа байгаа. Нээх хүнд ажил биш шүү дээ. Одоо больцгоо.Хэрэв үгүй гэвэл үзсэн шиг үзье.









