Б.Дэлгэрсайхан: Багахангайн өртөөнөөс Хөшигтийн хөндий хүртэл салаа зам тавихаар болсон
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт олголоо.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Гишүүдээс өгсөн үүрэг даалгаварын дагуу Хятадын талтай гэрээ зурахдаа "Гашуунсухайт-Ганцмод"-ын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудын ажлыг хамт хийж, хамтатган барих, зэрэг холбох ажилд анхаарна. Үүнийг Хятад улстай харилцан тохиролцож гэрээнд оруулсан. Тус тусын яамнууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ.
Тухайлбал Зам, тээврийн яам хил дамнасан төмөр замын байгууламжыг Хятадын сонгосон компанитай хийх үү, өөр компани сонгон шалгаруулах уу гэдгийг Хятад улстай зөвшилцөнө.
Түүнчлэн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Багахангай өртөөнөөс Хөшигтийн Хөндий рүү салаа зам тавихаар болсон. Ингэснээр Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон бусад төмөр замаар орж ирдэг ачаа бараа, түүнийг зуучилдаг тээвэр зууч, мөн терминалуудыг Улаанбаатар хотоос шат дараатай гаргаж, Хөшигтийн Хөндийд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгож, үүнийг хэрэгжүүлэх эрхийг олголоо." гэв.









