Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хуралдаан болж байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан эхэллээ.
УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн болон холбогдох зарим агентлагийн удирдлагууд, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцож байна.
Шуурхай штабын өмнөх гурван удаагийн хуралдаанаас нийт 64 үүрэг, даалгаварыг холбогдох газруудад өгснөөс 23 нь биелж, 41 нь хэрэгжилтийн шатанд байгааг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулав.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын төсөл, Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөний талаар, нийслэлийн эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх шийдэл, гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах загвар төслийн явц болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэнэ.