Л.Энх-Амгалан: Энэ жилийн цагаан сараар 3 хоног л АМАРНА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Сар шинийн баяраар бүх нийтээрээ 10 хоног амардаг байх төсөл боловсруулж" буйгаа өмнө нь мэдээлсэн. Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд энэ тухай танилцуулга хийжээ.
Энэ талаар ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан “Монголчууд 9 баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай. Иргэдээс олон санал гарч буй учраас Шинийн 1,2,3, наадмын амралт мөн хагас бүтэн сайн таарвал нөхөж амраадаг болох зохицуулалт хийхээр боллоо.
Эдгээр зохицуулалтыг хийхийн зэрэгцээ үүн дээр нэмээд Засгийн газраас өгсөн чиглэл нь ид хүйтний үед ард иргэдээ зайнаас ажиллуулдаг болох гэхчлэн өвлийн ид хүйтний амралтыг хэрхэн зохицуулах, сурагчдын амралттай яаж уялдуулах талаар судлан нэмж танилцуулахыг үүрэг болгосон.
Гэхдээ Засгийн газрын тогтоол гараагүй байгаа. Энэ жилийн тухайд Цагаан сар Бямба, Ням гарагт таарч байгаа нөхөж амарна гээд таван хоног явчхаж болохгүй.
Учир нь Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль гээд хоёр хуульд өөрчлөлт орох учраас Засгийн газар зөвшөөрөл өгсөн тохиолдолд Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барьж, УИХ баталсан тохиолдолд үйлчилнэ.
УИХ хаврын чуулганаар баталбал Наадмаар, ирэх жилийн Цагаан сараар энэ зохицуулалтууд үйлчилж эхэлнэ. ” гэв.
Мөн тэрбээр " Монгол Улс ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт шилжинэ. Энэ шийдвэр нь тог бага хэрэглэх, гэр бүлдээ цаг зарцуулах зэрэг эдийн засгийн хувьд үр ашигтай" гэв.