Ж.Энхбаяр: Мах, сүүний ашиг шимт 200 мянган үхрийг импортоор оруулж ирнэ
Засгийн газраас хийсэн шийдвэрүүдийг холбогдох яамдын сайдууд олон нийтэд танилцуулж байна.
Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ж.Энхбаяр "Махны үнэ дунджаар 15-19 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Цаашид махны үнийг тогтоон барихын тулд экспортыг хязгаарлана. Уламжлалт баяр болох Цагаан сараар махны нийлүүлэлт нэмэгддэг. Одоогийн байдлаар 4500 тонн махыг он гарснаас хойш экспортод гаргаад байна.
Монгол Улсын Засгийн газраас "Атрын IV аян" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ аяны хүрээнд хөрсөө хамгаалах, газар тариалангийн бүс нутагт агро ойн зурвас байгуулах, үр, суултын аж ахуйн нэгж, улаан буудай болон төмс, хүнсний ногооны үрийг дотоодод хангах зорилго тавьж байгаа.
Мөн таримал тэжээлийг эрс нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой тендер зарлах, дөрвөн улирлын турш нарийн ногоогоор хангагдахын тулд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарахаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн ашиг шимт 200,000 тоо толгойн фермийн үхэр сүргийг сайжруулахаар төлөвлөсөн. Тухайлбал 150,000 нь махны, 50,000 нь сүүний чиглэлийн үхэр импортоор оруулж ирнэ" гэв.