Т.Мөнхсайхан: Тамхины хэрэглээг бууруулахын тулд яаралтай хуулийн шинэчлэл хийнэ
“ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЗӨВЛӨГӨӨН” Төрийн ордонд өнөөдөр болж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх бодлого барихаа мэдэгдлээ.
Энэ талаар ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан “Янжуур тамхинд жил бүр татвар нэмэгдүүлснээр хэрэглээг бууруулдаг олон улсын жишиг бий. Манай улс жил бүр нэг ширхэг янжуур дээр 1 төгрөгийн л татвар нэмдэг. Энэ нь хэрэглээг бууруулах бус эсрэгээрээ дэмжих хандлагатай байна.
Татварын томоохон өөрчлөлтийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үнийг нэмэгдүүлэх нь тамхидалтыг бууруулах хамгийн өндөр үр дүнтэй хэрэгсэл.
Электрон тамхины тухайд янжуур тамхинаас гарах хэрэгсэл гэсэн ойлголт явсаар ирсэн. Нэг хүн электрон тамхиар дамжуулан янжуур тамхинаас гарч байж болох ч хэзээ ч тамхи татахгүй байсан хүүхдүүд, эмэгтэйчүүд тамхинд орж байна.
Электрон тамхи хэрэглээнд нэвтэрснээр тамхи татах нас гурваар буурч 15 болсон, эмэгтэйчүүдийн хэрэглээ дөрөв дахин өссөн.
Электрон тамхи ч бай, янжуур тамхи ч бай аль аль нь хүний биед хортой, сөрөг нөлөөтэй. Нас баралтын шалтгааны 17 хувь нь тамхи. Хорт хавдрын шалтгааны 30 хувь нь тамхинаас болж байна.
Электрон тамхи, янжуур тамхи аль аль нь асар хортой. Онцгой албан татварыг янжуур болон электрон тамхин дээр нэмэгдүүлэх бодлого баримтлах хэрэгтэй.
Монгол Улсад худалдаалж буй тамхины жижиглэнгийн үнэ 3500-4000 төгрөг буюу Австрали улстай харьцуулахад 24 дахин, Шинэ Зеланд улстай харьцуулахад 19 дахин бага байна” гэлээ.