Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд рүү гаднын бүртгэлгүй дугаараас мессеж бичсэн
УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөний сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар "Алсын хараа- 2050" хөтөлбөрт туссан зорилго зорилтоо ханган ажиллахын тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэж байна.
Олон жил гацсан хөгжлийн төслүүдийн цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсан нь нууц биш.
Сүүлийн өдрүүдэд Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын хил холболтын төмөр зам холбох гэрээ байгуулах үед жагсаал цуглаан зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажил явсан байхыг үгүйсгэхгүй.
Энэ бол олон нийтэд нөлөөлөх ажил байсныг үгүйсгэхгүй. Хамтарсан Засгийн газраас танилцуулсан хөгжлийн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн УЦС, Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганцбоомтын төмөр зам холбох гэрээ байгуулахыг дэмжсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд талархаж байна." гэв.
Мөн тэрбээр, "Хот бол амьд организм. Нийслэлийг асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатайг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцсон эрдэмтэн судлаачид зөвлөсөн. Дэлхийд сайн ба муу хот гэж байхгүй бөгөөд гагцхүү ерөнхий төлөвлөгөө зөв бас буруу хийсэн. Түүнийгээ хэрэгжүүлж чадсан ба чадаагүй гэдэг л асуудал. Нийслэлийн асуудал улстөржих сэдэв огт биш юм. Тийм учраас бид нийслэлийг хөгжлийг дэмжих бүлэг байгуулж ажиллаж байна. Нийслэл, бүсийн асуудлыг хамтад нь авч үзэх зайлшгүй шаардлагатай. Ерөнхий сайдын шууд удирдлага дор хотын ерөнхий төлөвлөгөөний ажлын хэсэг ажиллаж байна. Нийслэлийн асуудал бол улстөржих асуудал биш юм" гэв.









