С.Амарсайхан: Багануур хотыг түшиглэн үйлдвэрлэл ТЕХНОЛОГИЙН ПАРК байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг нь “Хөх нүүрс” төсөл юм. Төслийн хүрээнд Багануурын нүүрсний уурхайд түшиглэн “Нүүрс химийн цогцолбор” байгуулахаар төлөвлөсөн.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2025.01.20/ Багануур дүүрэгт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал болон шинээр хэрэгжүүлэх шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар холбогдох албаныхантай санал солилцож байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан, зүүн бүсийг хөгжүүлэх, хотын хүн амыг тэлэх, ажлын байруудыг шинээр бий болгох хүрээнд Багануурт эдийн засгийн ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр нийгэм, эдийн засгийн олон үр өгөөж гарна гэдгийг онцоллоо.
“Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр:
- Хөх нүүрс нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үйлдвэрлэх үнэ одоогийн сайжруулсан түлшнээс 62 хувиар бага байна;
- Агаарын бохирдол 60-80 хувь буурах боломжтой;
- Нүүрсний хог хаягдлаас 100 мвт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ;
- Химийн бодисын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.