15.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Л.Энх-Амгалан сайд төсвийн ₮6.7 саяар өөртөө Ipad авчээ
Хамгийн их төсөв хэмнэх хэрэгтэй, хүүхдийн мөнгө хүртэл халамж гэж ярьдаг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан төсвийн 6,799,900 төгрөгөөр "Ipad" авчээ.
Тодруулбал "сайдад Ipad" гэх гүйлгээний утгатайгаар Саммит компани руу энэхүү гүйлгээг хийсэн мэдээлэл тус яамны шилэн дансанд байршсан байна.
Тэгвэл үеийн үед хамгийн баян гишүүдийн жагсаалтын дээгүүр бичигддэг УИХ-д хамгийн олон сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүний ХОМ-ыг хүргэж байна.
Түүний өөрийн орлого 2014 оны байдлаар 20 сая төгрөг, 2015 онд 22 сая төгрөг, 2016 онд 75 сая төгрөг, 2017 онд 22 сая төгрөгөөс 2018 онд 12 тэрбум болтлоо өсчээ. Харин 2019 онд өөрийн орлогоо 5 тэрбум гэж мэдүүлж байсан ба 2022 онд огцом буурч 45 сая төгрөг, 2023 онд 443 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.
Л.Энх-Амгалан сайд 2019 онд 1.5 тэрбумын төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 2022 онд 4.4 тэрбум, 2023 онд 4,3 тэрбум төгрөг болж үнэлгээ нь өсжээ. Түүний нийт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 15.5 тэрбум буюу /15,542,557,000/ төгрөгөөр хэмжигдэж буй.
Тэрбээр 2023 оны мэдүүлэгтээ:
- Өөрийн орлого: ₮443 сая
- Гэр бүлийн орлого: ₮3158 сая
- Орон сууц барилга байгууламж: ₮4,3 тэрбум
- Тээврийн хэрэгсэл: ₮300 сая /Lexus, 570 /
- Мал аж ахуй: ₮0 сая
- Газар:₮0 сая
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1.6 тэрбум
- Хадгаламж: ₮1,5 сая
- Бэлэн мөнгө: ₮148 сая
- Авлага: ₮4,5 тэрбум
- Зээл: ₮244сая гэж мэдүүлжээ.