С.Амарсайхaн: Оросын банк Монголд салбараа нээх, манай банкны салбарт хөрөнгө оруулах боломжтой
ОХУ-ын 40 аж ахуйн нэгжийн 100 төлөөлөл Улаанбаатарт иржээ. Тэд "Made in Russia" нэрийн дор МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан, олон салбарыг хамарсан бизнес уулзалтад оролцлоо.
Тодруулбал, Оросын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн цогцолбор, химийн үйлдвэр, мэдээллийн болон цахим технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, урлагийн бүтээгдэхүүн, керамик эдлэлийн үйлдвэрлэл, аж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон технологи, тээврийн үйлчилгээ ба логистик, барилгын материал, үйлдвэрлэгчид нийслэлд иржээ.
Тэдний зарим нь Монголд үйл ажиллагаа явуулах, үүний тулд хамтрагч олохоор ирсэн бол зарим нь манай эдийн улсын талаарх мэдээллийг газар дээрээс нь авах, тандан судлах зорилгоор ирсэн байна.
Шадар сайд С.Амарсайхан хоёр улсын бизнес форумыг нээв. Тэрээр “Алтанбулаг, Хөшигийн хөндийн хилийн боомтын үйл ажиллагааг жигдрүүлж, Монгол-ОХУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах хэрэгтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч Путины айлчлалаар бид Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх, Монголоор дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах зэрэг шийдвэрт хүрсэн.
Хоёр улсын хооронд төлбөр тооцоо хийхэд хүндрэл байсаар байгаа тул хамтарсан ажлын хэсэг гаргасан. Төлбөр тооцооны шинэ систем нутагшуулах уу, Оросын банк Монголд салбараа нээх үү гэх мэтээр хувилбаруудыг авч үзнэ. Тус улсын банк Монголд салбараа нээх нь боломжтой, Засгийн газар үүнд нээлттэй ханддаг. Монголбанкны Ерөнхийлөгч тус улсын Төвбанкны Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар удахгүй уулзана. Энэ оны сүүлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс хуралдана. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч удахгүй дахин уулзана” гэв.
Шадар сайд С.Амарсайхан “2025 оны улсын төсвийн төсөлд 600 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Зам, эрчим хүчний салбарт олон тэрбум төгрөгийн төслүүд хэрэгжүүлэх тул эдгээрийг хэрэгжүүлэхэд оросын ААН-үүдтэй хамтран ажиллах боломжтой” гээд ирэх оноос эхлэн шинээр байгуулагдах, бүх төрлийн боловсруулах үйлдвэрийг татвараас чөлөөлөх Засгийн газрын шийдвэрийг ч дуулгав.
ОХУ-аас манай улсад суугаа элчин сайд Алексей Николаевич Атар газрыг Зөвлөлтийн техникээр эзэмшсэний 65 жилийн, хоёр улсын хувь нийлүүлсэн (50+50хувь) нийгэмлэг болох УБТЗ-ыг байгуулсны 75 жилийн, Эрдэнэтэд илгээлтийн эзэд ирж суурьшин, орос монгол ажилчид хамтран ажиллаж эхэлсний 50 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлов.
Манай улс Европын холбоо, Японтой Чөлөөт худалдааны гэрээтэй. Одоо Евроазийн эдийн засгийн холбоо, БНСУ-тай мөн Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар Эдийн засгийн хөгжлийн яам ажиллаж байна. Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэрээ нь импортын татваргүйгээр, тоо хэмжээний хязгааргүйгээр, таван бүлгийн барааг монголоос экспортлох боломжийг олгоно.
Эдийн засгийн хөгжлийн яам ОХУ-ын холбогдох талтай ирэх арванхоёрдугаар сард гэрээг баталж, 2025.01.01-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ гэрээнд ямар заалтууд туссан, монгол, оросын бизнес эрхлэгчдэд ямар давуу тал олгохыг өнөөдрийн хурлаар дэлгэрэнгүй танилцуулав.
Энэ гэрээнд зааснаар нийт 375 барааг импортын татваргүй нэвтрүүлнэ. Эдгээр нь мах, арьс шир, ноос, ноолуур болон эдгээрээр хийсэн бүтээгдэхүүнүүд юм. Иймд хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцаанд цоо шинэ хуудас нээгдэнэ гэж форумд оролцогчид онцлов.
МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар “Одоогоор хоёр улсын худалдаа 2 тэрбум ам.доллар байна. Монголд мах, хушны самар, ноолуур бэлтгэн экспортлох бүрэн боломжтой. 2023 онд бид нийт 80 мянган тонн мах экспортолсон нь манай түүхэн дээд хэмжээ юм. Гэхдээ манай махны үйлдвэрүүд жилд 180 мянган тонн мах бэлтгэх хүчин чадалтай.
Хушны самар, ноос ноолууран хувцасны үйлдвэрлэл мөн бүрэн хүчин чадалдаа хүрдэггүй. Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн барааг Европ руу татваргүй экспортлох боломжтой. Мөн бид Японтой Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан тул та бүхэн Монголд үйлдвэр цех байгуулан, бүтээгдэхүүнээ Япон руу нийлүүлэх боломж бий” гэв.
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд өөр хоорондоо цахим худалдаа хийдэггүй аж. Манай талаас гэрээнд цахим худалдааны заалтууд нэмэх хүсэлт тавихад тус холбоо хүлээн авчээ. Худалдааны саад хоригийг багасгахын тулд гаалийн мэдүүлэг бөглө гэх мэт үе шатуудыг аль болох хялбарчилсан гэв. Мөн хоёр талын бизнес эрхлэгчдийн дунд маргаан гарвал хэрхэн зохицуулах талаар ч тусгажээ.