Т.Мөнхсайхан: Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх зөрчигддөг асуудлууд салбарын түвшинд байна

2024 оны 9 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр уулзаж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын эрхийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид хэлсэн үгэндээ Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүрийн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн асуудлыг тусгаж, сүүлийн 6 жилийн хугацаанд гүйцэтгэсэн 20 орчим судалгаа, дүн шинжилгээ болон Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ажлын талаар мэдээлэл өглөө.

Мөн Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 20, 21, 22, 23 дахь илтгэлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, Үндсэн хууль болон хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийг баталгаатай эдлүүлэх, ахмад настны эрүүл мэндээ хамгаалуулах, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлуудад анхаарч, илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 49, 67, 35, 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөлөө.
 
Түүнчлэн эмийн чанар, хүртээмж, асрамжийн газар, геронтологийн төв, эрүүл мэндийн төвийн удирдлага, ажилтнуудтай холбоотой гомдол мэдээлэл Комисст цөөнгүй ирдэг талаар дурдаад, эдгээр асуудлуудад анхаарч ажиллах, “Агапе” эмнэлэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэлт, уналт таталтын эмийн хүрэлцээ, хангамж, эмийн бүртгэл, судалгаанд хэрхэн анхаарч байгаа талаар тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зүгээс эмнэлгийн ажилтнуудтай холбоотой гарч буй нийтлэг гомдол, удирдах ажилтнуудад ашиг сонирхлын зөрчил бий эсэх салбар яамны зүгээс анхаарч ажиллаж байна. Ялангуяа тухайн эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагч, удирдлагатай холбоотой гомдол, мэдээлэл  удаа дараа ирсэн тохиолдолд шат дараалсан арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлж байна.

Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх нь зөрчигддөг асуудлууд салбарын түвшинд байна. Тухайлбал, иргэдээс эмч, сувилагч нарын биед нь халдах асуудал байдаг. Эмнэл зүйн алдаа гаргасан эмч, эмнэлгийн ажилтныг Эрүүгийн хуулиар шийтгэдэг улс орон дэлхийд цөөн байдаг.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын хүн чанарын асуудалд анхаарч, хүнлэг, хүн чанартай байх талаар оюутан цагаас нь эхлээд хичээлийн хөтөлбөрт тусгах нь зүйтэй бөгөөд цаашид үйлчилгээний стандарт нь ямар байхыг нарийн тогтоож өгөх нь зүйтэй.

Эмч нарын хувьд мэдлэг, ур чадвараар гологдохооргүй болсон. Иргэдийн сэтгэл ханамжид нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь эмч, эмнэлгийн ажилтнуудын зан ааш, харилцаа хандлага, үйлчлүүлэгчээ ялгахгүй харьцах хүний мөн чанарын асуудалтай холбоотой асуудал байдаг. Эдгээрийг оюутан цагаас нь зааж сургах хэрэгтэй.

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн харьяалах асуудал тодорхойгүй байна. Энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдийг “Өнөр бүл” зэрэг асрамжийн газарт, насанд хүрсэн хүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн төвд байнгын хэвтэж эмчлүүлэх байдалтай байна. Сэтгэцийн асрамжийн газрын барилгын зураг төсөл хийгдэж байгаа.

“Агапе” эмнэлгийн хувьд олон асуудал байгаа учраас тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал яригдаж байгаа боловч зарим нэг хүндрэл бэрхшээл бий. Нийт 40 гаруй үйлчлүүлэгчийг эмнэлгүүдэд хуваарилсан.  Монгол Улсын хууль тогтоомжийг дураараа зөрчдөг гаднын эмч, эмнэлгийн ажилтан байж болохгүй.

Уналт таталтын эмийн хувьд ашиг бага гардаг гэдэг утгаар нь хувийн компаниуд импортлох нь бага байдаг. Яамны зүгээс эмийн худалдан авах ажиллагаанд шалгарсан компаниудыг бусад эмийн хамт импортлох бодлого барьж байна. Эмийн бүртгэлийг цахимжуулах ажил хийгдэж байна гэдэг тайлбар, мэдээлэл өглөө.

Комиссын дарга Д.Сүнжид эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд анхаарч, ялангуяа эмч нарт эрх зүйн болон бодит хамгаалалт шаардлагатай байгааг дурдаад Комиссоос хэрэгжүүлж буй “Хүний эрх ба Технологи” нээлттэй хяналт шалгалт, эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн нөхцөл байдалд 2025 онд гүйцэтгэх судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын ажилд Эрүүл мэндийн яамтай харилцан мэдээлэл солилцох, иргэдээс ирүүлж буй гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тус салбар нь хүний нөөц тэр дундаа сувилагчийн орон тооны дутагдалд орсон. Монгол Улс эмчийн нөөцөөрөө дэлхийд эхний 5 дугаарт ордог. Салбар яамны зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, судалгаа, дүн шинжилгээ, нээлттэй хяналт шалгалт явуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэх зэрэг асуудалд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658796
1 эможи

keyboard_arrow_up