“...Дэд сайдтай болъё” гэж дахиад ярьж эхэлжээ

2024 оны 9 сарын 03

Arslan.mn

Үе үеийн Засгийн газрын шүдний өвчин нь дэд сайдын албан тушаал байдаг. Энэ удаад ч давтагдав. Хамтарсан Засгийн газрын харилцан тохиролцоо явагдаж байхад л “…Дэд сайдтай байна, байхгүй” гээд яриад эхэлсэн. Засагт хамтарсан намууд өөр өөр байр суурьтай байсныг энд хэлэх хэрэгтэй. Нэг нь “…Дэд сайдгүй явъя” гэж, нөгөөд нь “…Тэгвэл намын гишүүдээ хаана шингээх вэ” гэсэн утгатай эсэргүүцэл гишүүдээс нь гарч байв. Ингэсээр баяр наадмын өмнө Ерөнхий сайд нь Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад дэд сайдын албан тушаал хасагдсан байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр “…Одоогийн 16 яамыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ энэ бүтцэд дэд сайдуудын асуудлыг оруулж ирээгүй. Яагаад гэвэл сонгодог парламентын нийтлэг жишигт дэд сайд гэдэг албан тушаалаас илүү парламентын гишүүн, төрийн нарийн бичгийн дарга гэж байдаг. Олон нийтийн санал асуулгаар одоо байгаа бүтцийг хадгалах хэрэгтэй гэж үзвэл Засгийн газрын бүтцэд оруулж ирж болно. Сонгодог парламентын засаглал руу ойртох нь зөв гэж үзвэл Ерөнхий сайдын хувиар шийдвэр гаргахад бэлэн байна. Тиймээс энэ удаагийн бүтцэд дэд сайдуудын асуудлыг тусад нь оруулсан. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлж байна.

Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа Тэргүүн Шадар сайд, бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Шадар сайд болон хөрөнгө оруулалт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн Шадар сайд, тодорхой асуудал эрхэлсэн Үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд гурав байхаар тусгасан. Засгийн газрын эдгээр гишүүнээс гадна Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын эрхлэх асуудал эрхэлсэн 15 сайд нар ажиллана” гэсэн юм. Улмаар 16 яаманд харьяалагдах дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан.

Тэгвэл одоо “…Хамтарсан Засгийн газар дэд сайдтай байхгүй бол ажил яагаад ч явахгүй юм байна” гэсэн яриа хөөрөө гараад эхэлжээ. Тун эрчтэй өрнөж байгаа бололтой.

Уг нь анх “…Дэд сайдгүй ажиллана” гэдэг санаачилгыг бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргачихсан байгаа юм. Гэтэл намынх нь нэлээд хэсэг уг санааг таатай хүлээж аваагүй байна. Аргагүй л дээ, дэд сайдын албан тушаалыг ялсан нам нь шагналын журмаар хуваарилаад сурчихсан. Тэгээд бас энэ удаад нам нь ялсан ч Засгийн газартаа ялагдсан хоёр намыг оруулчихсан. Тэгэхээр МАН-ын гишүүдийн ялалтын бялуу дахиад хоёр тийшээ явчихаж байгаа юм. Чухам энэ нь дэд сайдгүй Засгийн газрыг дэмжихгүй байх шалтгаан юм.

Засагт хамтарсан АН-д дэд сайдын суудал хамгийн хэрэгтэй. УИХ-ын 2024 оны сонгууль тулгаж байж эвлэсэн АН-ынхан сонгуулийн дүнгээр нэгэнт ялагдал хүлээсэн. Гэхдээ АН-ын дарга Лу.Гантөмөр болоод тус намын удирдах бүтцүүд Засгийн газарт орж ажиллах шийдвэрийг гаргасан. Ингээд гэрээ байгуулж, нэр бүхий сайд нараа дагуулсан АН-ын дарга Лу.Гантөмөр хамтарсан Засгийн газрын Тэргүүн Шадар сайдаар томилогдож орсон. Гэвч тэрбээр АН-ын дарга гэдэг албан тушаалдаа үлдсэн. Албан тушаалыг дагаад хариуцлага нь ч бас үлдэж байгаа хэрэг. Тэгэхээр АН-ынхаа олон фракцын төлөөллийг аль болох олноор нь төр, засгийн бүтцэд багтаах түүний гол ажил болж нуруун дээр нь бууж байгаа юм. Наадмын дараа байх аа, Засгийн газар байгуулагдаад удаагүй байхад алга болчихсон дэд сайдын суудалд сууя гэсэн 200 гаруй өргөдөл АН-ын дарга хүлээж авсан гэдэг. Тэгээд хэсэг намжсан. Тэгэхдээ Лу.Гантөмөрийн зовлон хэвээрээ л үргэлжилж байгаа аж. Журмын нөхөд нь түүнийг шахсаар л байгаа бололтой.

ХҮН намын тухайд дэд сайдын суудалд АН шиг улайран зүтгэхгүй. Тийм “чадал” байхгүй. Мэдээж, Засгийн газар дэд сайдтай ажиллавал баярлана. ХҮН намд оногдох хувь нь угаасаа цөөхүүлээ учраас под гээд л явчихна. Гэхдээ “…Ер нь дэд сайдтай болъё” гэсэн санаачилга Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандаас гарах боложмгүй. Тэрбээр 2020 онд УИХ-ын болсноосоо хойш “…Дэд сайдыг цомхтго” гэж хамгийн их хашгирсан. 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болдог чуулган дээр “…Шинэчлэн батлагдсан Үндсэн хуулийн дагуу ажиллах болсон Танд баяр хүргэж, амжилт хүсье. Багаа өөрөө мэдэж бүрдүүлэх болсны хувьд Та дараа дараагийн Ерөнхий сайдад жишиг болох хариуцлагатай, түүхэн цаг хугацаа гэж харж байна. Өмнөх Ерөнхий сайдад ийм боломж олдоогүй. Засгийн газраа өөрөө мэдэж бүрдүүлэх болсон та Засгийн газрын бүтэцдээ дэд сайд, агентлагуудын дэд дарга нар, дарга нарын зөвлөхүүд гэх мэт үр ашиггүй олон албан тушаалуудыг та эр зоригтойгоор цомхтгож өгөөч. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавихад ч хүндрэлтэй, төсвийн ачаалалтай байгаа энэ үед үр ашиггүй албан тушаалуудыг хасаж өгөөч” гэж байсан юм. Түүнээс хойш ч их ярьсан даа. Тиймээс одоо “…Дэд сайдтай болъё” гэх нь өөртэйгээ хэрэлдсэнтэй ижил болно. Ингээд харахаар дэд сайдтай болох санаачилга АН-аас ил гарч, ХҮН нам далдуур дэмжиж, МАН хэрхэх шийдвэрээ хэлээгүй байгаа бололтой.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 170 (7414)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658634
0 эможи

keyboard_arrow_up