О.Алтангэрэл: Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа эмэгтэй хүн удирдах түвшинд томилогдлоо
ЦЕГ-ын Дэд даргаар цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томилсон. Тэрээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сахилга хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан Дэд даргаар ажиллана.
Энэ талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цахим хуудсанаа " Сайдын албыг авснаас хойш дарга болъё, даргаар тавиулъя гэсэн маш олон хүсэлт найз нөхөд, хамтран зүтгэгчид, улс төрийн нам, хүрээллийн зүгээс ирж байна. Гэхдээ хэдүүлээ энэ байдлаа больё. Монгол төрийн албанд зүтгэсэн хүн нь өөрийгөө боловсруулсан хүн нь, чаддаг хүн нь албан тушаал дээр томилогдох жишиг Монголын улс төрд 30 жил үгүйлэгдлээ. Эхлүүлэх цаг нь болсон.
Үүний жишээ болгож ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд хурандаа Н.Мөнхзулыг томиллоо. Н.Мөнхзул нь хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил хичээл заасан. Албан тушаалтанд хариуцлага хэрхэн тооцох вэ гэдгээр докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн албандаа 20 гаруй жил зүтгэж буй эмэгтэй. Яг л ийм зүйлээс, ийм хандлагаас өөрчлөлт эхэлнэ. Яг л ийм зүйлээс монгол хүний эрхийг яаж хамгаалах вэ, нөгөө талдаа төрийн албанд шударга зарчим яаж үйлчлэх вэ гэдэг зарчим эхэлнэ" гэв.