Л.Оюун-Эрдэнэ: Нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгууллаа
Намууд өнгөрөгч долоо хоногт УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан.
Тэгвэл өчигдөр /2024.05.28/ МАН нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулжээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Та бүхэнд Шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн ТҮҮЧЭЭ болохыг ерөөе. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг холимог тогтолцоогоор сонгох гэж байна.
Улсын Их Хурлын гишүүн гэдэг эрх ямба, хувийн ашиг сонирхлыг хойш тавьж, нийт иргэн, улсынхаа эрх ашгийн төлөө үйлчлэхээр тангараг өргөдөг, ард түмнийг төлөөлөх эрхийн илэрхийлэл билээ. Энэ утгаар өнөөдөр нэр дэвшигчидтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж, амжилт хүсэв.
Хувь тэнцүүлсэн тогтолцоо бол мэргэжлийн экспертүүд, нийгмийн салбарын төлөөлөл, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөллийг багтааж чаддагаараа төр, иргэний ойлголцлын гүүр болж, улсынхаа хөгжлийн төлөө нийгмийн эд эс бүхэн идэвхтэй хувь нэмрээ оруулах ард түмний хүсэл эрмэлзлэлийн РЕФОРМ юм. Энэ реформ зөв байсан гэдгийг нотолж, хууль тогтоох байгууллагад нийгмийн дуу хоолой үргэлж нээлттэй байх эрхэм хариуцлагыг биелүүлж чадна гэдэгт бүрэн итгэж байна" гэжээ.