Б.Бат-Эрдэнэ сайд “Таванбогд“-ын Ц.Баатарсайханы “Аялал жуулчлалын холбоо“-той энэ онд нийт 1.1 тэрбум төгрөгөөр гэрээ хийжээ
Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр баталсан юм. Энэ дагуу өнгөрсөн оны долдугаар сард "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г байгуулж, холбооны ерөнхийлөгчөөр нь "Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг сонгосон байдаг.
Тэгвэл БОАЖ-ын шинэ сайд Б.Бат-Эрдэнэ он гарснаар "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо"-д нийт 1 тэрбум 175 сая төгрөгийг арга хэмжээ зохион байгуулах хүрээнд шилжүүлсэн байна.
Тухайлбал,
- "Go Mongolia" арга хэмжээнд-790 сая төгрөг
- /Булган аймгийн 16 сумын арга хэмжээн зохион байгуулах- 35 сая төгрөг
- Мазаалай арга хэмжээ зохион байгуулах урьдчилгаанд -100 сая төгрөг
- Tourist week арга хэмжээг зохион байгуулахад -100 сая төгрөг
- Мөсний загасчлал арга хэмжээнд-100 сая төгрөг
- Хөх баавгай-Хөх сувд арга хэмжээнд- 50 сая төгрөгийг тус тус гэрээний төлбөр хэлбэрээр шилжүүлсэн гэж шилэн дансандаа мэдүүлжээ.
Хамгийн хачирхалтай нь эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Баатарсайханыг холбооны ерөнхийлөгчөөр ажиллах саналыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тавьсан гэх мэдээлэл байна. Мөн 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр болсон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайханыг, Удирдах зөвлөлийн даргаар "Айхотел" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Золбадралыг сонгож, ажлын албаны даргаар М.Нарангэрэлийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон байдаг.
Харин Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Б.Золбадралын тухайд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй "Жи Си Ай"-д хамт байдаг нэгэн аж. Магадгүй энэ ч утгаараа уг албан тушаалд очсон байхыг үгүйсгэхгүй юм.
Ямартай ч төрийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгэнэ гэгдэж буй тус холбооны ерөнхийлөгч анхнаасаа "захиалга"-тай байсан гэж бөгөөд аялал жуулчлалын холбоог мөнгө угаах хэрэгсэл болгож байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан.