Төвийн бүсийн малчид, хоршоологчид “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцлоо

2024 оны 5 сарын 06

Arslan.mn

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байна. Өмнө нь хоршоо байгуулахад хуулиараа 30 өдөр шаардагддаг. Тэгвэл өнөөдөр “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг, баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн хугацаанд бүртгэнэ.

Хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлнэ. Энгийн нөхцөлд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байна. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг  газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.

Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын  хөрөнгө оруулалтын зээлийг  арилжааны банк 20 хоногийн хугацаанд  олгох юм байна. Хэрвээ энэ бүхэн аль нэг шатандаа тухайн хугацаанд шийдвэрлэгдэхгүй гацаанд орвол 1800-2024 дугаар руу залгаж, тодруулах юм. Дархан-Уул аймагт зохион байгуулж байгаа Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн үеэр тавьсан илтгэлдээ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  дээрх мэдээллийг онцолсон юм.

БНХАУ, БНСУ-д “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төрийн бүх шатныхныг дайчилснаар ард иргэдийн амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэж, амжилттай хэрэгжүүлсэн байна. Тиймээс ч Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатанд үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа юм.
Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогод Хот, хөдөөгийн сэргэлт туссан. “Шинэ хоршоо хөдөлгөөнөөр хөдөөгийн сэргэлтийг эхлүүлж байна.

Arslan.mn

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр  чинээлэг малчныг бий болгохын төлөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” хамтдаа зүтгэхийг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан уриаллаа.

Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулав. Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Манай хоршоологчид олон мянган өрхийн амьдралыг нэмэгдүүлж,  нийгэм, эдийн засгийн баталгааг хангаж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад нөлөөлж байна. Иймд Ерөнхийлөгчийн зүгээс  “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”,  “Эрүүл Монгол хүн”  хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Засгийн газар  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байгаад баяртай байна. НҮБ 2025 онд Олон улсын хоршоологчдын хөдөлгөөнийг санаачиллаа. Тиймээс та бүхэн хамтын хүчээр амьдралаа дээшлүүлж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй оролцоно гэж найдаж байна” гэжээ.

Малчид хоршооны загвар хэрхэн хийх, хөрөнгө оруулалтын зээлийг авахдаа хэнд хандах, таван га газраа яаж  авах вэ гэж албаны хүмүүсээс асууж байлаа. Тиймээс бүсийн онцлогт тохирсон загвар төслийг холбогдох албаны хүмүүс танилцуулав. Дараагаар нь малчид, хоршоологчдын төлөөлөл саналаа хэлэв.

Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Даариймаа “Манай сум байгаль цаг уурын өмнө хүчин мөхөстсөн. Тэр үед бид итгэлээ алдаж байлаа. Харин малаа алдаж, итгэлээ алдсан бидэнд төр, засгаас “Шинэ хоршоо” хөдөлгөөн  өрнүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ байлаа. Бид нэгдэж, хамтарч чадна” гэсэн бол “Дунд таван богд” хоршооны тэргүүн Т.Ууганцэцэг “Манай хоршоо 12 дахь жилдээ мал аж ахуй, газар тариалан, аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай хоршоо 300 гаруй гишүүн, 12 бүлгэмтэй. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр би хоршоогоо өргөжүүлэн шинэчлэх шаардлагатай гэж бодлоо. Залуу хүний хувьд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж талархаж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй зэрэгцээд “Шинэ залуу хоршоологч” хөдөлгөөнийг өрнүүлье гэж  залуустаа уриалъя” гэлээ.  Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 500 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656805
1 эможи

Зочин
2024-05-07 15:29
Тэнэж явахаар тэг зогсолт хийсэн яамдаа ажиллуулаасай билээ!!! Дампуу засаг!
keyboard_arrow_up