Б.Жавхлан: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг 500 тэрбумаар нэмж, 1.2 их наяд болгох шийдвэр гаргалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол батлагдлаа.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан " Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн тогтоол батлагдлаа. Энэ тогтоол батлагдсаар монголчууд уул уурхайн баялагтаа эзэн байх нь хэрэгжиж эхэлж байна гэсэн үг. Монгол улсын Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Уг хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сан нь гурван сангаас бүрдэж байгаа.
Тодруулбал
- Ирээдүйн өв сан: Баялгийн сангаас ирээдүйдээ зориулж хадгалан арвижуулж, баяжуулна.
- Хуримтлалын сан: Өнөө үедээ зарцуулах боломжтой сан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр ашиглана.
- Хөгжлийн сан: Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт орсон төслүүдийг санхүүжүүлнэ." гэв.
Мөн тэрбээр "Өнөөдөр Хуримтлалын сангийн хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй "Эрдэнэс Монгол” компанид байгаа 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг орон сууцны ипотект шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумыг гаргаж байсан. Харин одоо Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болно. Арилжааны банкнууд 200 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээс гаргах бол Монголбанк 500 тэрбум, Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг гарч байгаа юм.
Банкнуудаас судалгаа авахад 17 мянган иргэн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн нь судлагдаж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтэд 1.2 их наяд төгрөг гаргах учраас банкны шалгуураа хангасан 10 мянга гаруй иргэн орон сууцтай болох боломжтой болж байна. Ирэх даваа гаригаас Монголбанкин дээр эхний гүйлгээ хийгдэнэ." гэв.