С.Энхболд: ДЭМБ-д манай улсын лабораторийн чадавх, эмийн чанар дээр “анхаарч өгөөч“ гэдэг ганцхан хүсэлт тавьж байсан
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдөртөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор лабораториудын хүчин чадал, чанар, хүний нөөцийн асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Лабораторигүй бол хуурамч эмийг яаж салгаж таних вэ? Би төсвийн ажлын хэсэгт байсан. 5 тэрбум төгрөг суулгасан ч одоо суугаагүй гэж байна. Юу болсон бэ? " гэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "2022 оны 1 сарын 1-ны өдөр Мэргэжлийн хяналтын газар болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори татан буугдаад ЭМЯ-нд шилжин ирж байсан. Энэ үеэс л эхлэн бид лабораторийн үйл ажиллагаа ямар байдаг талаар судалж эхэлсэн. Эхний хэдэн сарын хугацаанд бол Мэргэжлийн хяналтын газрыг ЭМЯ болон Стандарт, хэмжил зүйн газрын альнд байх вэ гэдэг талаар маргаантай байсан. Ингэж явсаар 3, 4-р сараас л эхлэн энэхүү лабораторитой холбоотой асуудлуудыг ярьж эхэлсэн.
Эмзүйн салбар манай улсад харьцангүй гайгүй. Харин эмнэлзүйн салбартаа илүү сайжруулалтуудыг хийх шаардлагатай юм байна гэж үзээд судалгаа хийх ажил эхэлсэн.
Энэ асуудлаар ДЭМБ-ын хурал дээр зорин очоод манай улсын лабораторийн чадавх, эмийн чанар дээр анхаарч өгөөч гэдэг ганцхан хүсэлт тавьсан. Энэ хүрээнд манайд экспертүүд ирээд ажиллаж байна. Энэ ажил одоо ч үргэлжилж байна.
Бид нарын лабораторийн тоног төхөөрөмжтэй холбоотой хийсэн судалгаагаар бол 20 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэхдээ эхний ээлжинд нэн шаардлагатай 5.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хэрэгтэй юм байна гээд судалгаагаа гаргаад 2023 оны төсөвт суулгасан. Гэтэл Засгийн газраас 2023 оны төсөвт шинээр тоног төхөөрөмжийн худалдан авалт хийхгүй , өмнөх царцсан ажлуудаа хөдөлгөх бодлого барьсан учраас төсөвт суугаагүй байна лээ. Тэрнээс биш ЭМЯ төсөвтөө энэ асуудлаа оруулаад л явсан.
Мөн 2022 онд хийгдсэн ажлын хувьд эмийн Эквивалеантын шинжилгээг хийж байна. Үүгээр нэг удаа шинжилгээ хийхэд 100 мянга орчим ам.доллар гэж байгаа. Ийм өндөр өртөгтэй учраас энэ ажлыг маш сайн зохион байгуулж, үе шаттайгаар хийхгүй бол болохгүй. Нэг эм оруулж ирээд 100 мянган ам.доллараар үзэх боломж бас хязгаарлагдмал байгаа. Одоогийн байдлаар урвалж оношлуур нь зөвхөн парацетамол дээр л хийх боломжтой байгаа учраас парацетамол дээр л энэ шинжилгээ хийгдэж байна. " гэв.