Зудын улмаас малгүй болсон өрхийг МАЛЖУУЛАХ арга хэмжээ авна
Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ.
Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлөө.
Малчдын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан хүүгийн төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, 2024 оны сүүлийн хагас жилд шаардлагатай эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгав.
Зудын улмаас малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болголоо. Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2024 оны гуравдугаар сарын 06-ны байдлаар 21 аймагт нийт 3.9 сая мал хорогдоод байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид малын зүй бус хорогдлын тоо огцом нэмэгдэх хандлагатай байгаа тул малчдын санхүүгийн дарамтыг бууруулах боломжийг судлах үүднээс холбогдох танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын зүй бус хорогдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зудын хүндрэлээс үүссэн эрсдэлийг бууруулах эдгээр арга хэмжээг авахаар боллоо.