Б.Бат-Эрдэнэ: Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ “Тэрбум” үндэсний хөдөлгөөн өрнөснөөр нэмэгдсэн
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Ойн салбарын үндэсний II чуулган” Төрийн ордонд үргэлжилж байна. Ойн салбарын үндэсний чуулганыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан бөгөөд байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, технологи, инновацын шийдэл зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан байдаг.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөн цаашид оршин тогтнох уу гэдэгт яагаад хүрсэн бэ гэдгийг бид бодох хэрэгтэй болжээ. Сүүлийн 80 жилд юу болсон бэ? Агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн. Дэлхийн дулаарлын үр нөлөө Монгол Улсад хамгийн их орж ирж байгаа. Монгол Улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин өссөн. Газрын доройтол нэн хүчтэй, хүчтэй, сул. Цэвдгийн тархалт бүхий талбай 18.7 хувиар буурсан, гамшгийн давтамж 2 дахин өссөн. Харин нөгөө талд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ “Тэрбум” үндэсний хөдөлгөөн өрнөснөөр нэмэгдсэн. Түймэрт өртсөн талбай 49.2 хувиар буурсан нь энэ хөдөлгөөний үр дүн.
Ойн ашиглалтын өнөөгийн байдлын тухайд, 2014-2023 онд жилд дунджаар 736.9 мянган метр куб мод ашиглажээ. Жил тутамд 810 мянган ширхэг модыг хэрэглэж байна. Үүнээс 74.9 хувийг дулааны үйлдвэрлэл буюу түлээндээ хэрэглэдэг. Үүнийг өөр түвшинд хүргэхгүй бол цаашид ийм байж болохгүй. Дэлхийн дулааралтай холбогдуулаад мод яаж ургах вэ, яаж илүү их хэмжээгээр ургуулах вэ гэдэг агуулга чухал байна. 2080 он хүртэл агаарын температур 6.2 хувиар нэмэгдэнэ, цэвдгийн хайлалт дахин үргэлжилнэ гэсэн үг” гэв.